Энэ бас л гоё зураглал. Аав хүү танкист. Аав хэдий цэргийн тэтгэвэртээ гарсан ч хүү нь хаана томилогдож үүрэг гүйцэтгэнэ тэр бүрт араас нь машинаа унаж давхиж очоод ажил байдалтай нь танилцаж, өөрөө ч мэргэжлийнхээ халуун тогоонд "орж" сэтгэлээ сэргээнэ.
Дорноговь аймагт "Талын түнш-2024", Дорнод аймагт "Сэлэнгэ-2024" хамтарсан сургуулиудын хаалтын ёслолоор бэлтгэлд байгаа хурандаа Б.Алтангэрэл ахыг ирчихсэн хүүгийнхээ ажил үүргээ гүйцэтгэж байгааг нь хараад инээчихсэн зогсохыг нь хараад дулаахан мэдрэмж төрсөн сөн. Саяхан даа Зэвсэгт хүчний ар талынхны нэгдсэн хээрийн сургуулиар мөн л хүүгээ эргэж, ажил мэргэжил нэгт дүү нартайгаа уулзахаар очсонтой нь бас л таарч, аавын нөмөр хэзээд цуг явдаг юм байна гэдгийг ойлгосон.
Зэвсэгт хүчиндээ нэртэй төртэй гялалзаж явсан Б.Алтангэрэл хурандаагийн хувьд 2016 онд цэргийн тэтгэвэртээ гарснаас хойш хүү хошууч А.Нацагдорждоо ажил мэргэжлийнх фэн болсон нь олон тохиолдлоос харагдаж байсан юм даг. Хүү нь ч олонтой гэж жигтэйхэн, хээрийн сургууль бүрээр хэдэн танкаа хүүхэд шигээ хайрлаж, асааж нэг, унтрааж нэг, зүлгэж нэг, давхиж нэг үзнэ. ОХУ-д зохион байгуулагддаг танкистийн тэмцээнд олон ч удаа эх орноо төлөөлөн оролцож, монгол танкистуудын ур чадварыг дэлхийн сонорт харуулж чадсан залуу л даа.
Цэргийн удам зөвхөн аав хүү танкистаар тогтохгүй өвөө Д.Бадий нь ч мөн адил насаараа цэргийн жолооч хийсэн ахлах ахлагч цолтой хүн байсан гэнэ лээ. Хамгийн гоё нь хурандаа аав хүүгээ хамтарсан сургуулиудад үүрэг гүйцэтгэх бүрт нь эргэж тойроод зөвлөгөө өгчихдөг нь танкист хүн тэтгэвэрт гарсан ч "танкист"-аараа явсаар байдгийн илэрхийлэл юм даа.