• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЯРТАЙ, ЛЮБЛЯНА ...
Нийтэлсэн: 2024-12-09 15:38:58
Үзсэн: 266

БАЯРТАЙ, ЛЮБЛЯНА ...
Нийтэлсэн: 2024-12-09 15:38:58 Үзсэн: 266



    Гудмаар нь дүүрэн том том шаргал навчис. Хуучны хийц төрхөө хадгалж үлдсэн өнгө өнгийн барилга, нохой хөтөлсөн охин хөвгүүн хаа сайгүй. Энэ бол Бүгд Найрамдах Словени Улсын нийслэл Любляна хотод хөл тавихдаа мэдэрсэн, харсан хамгийн анхны зураглал, эхний мэдрэмж. Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт газар, гайхамшигт агуй, сүрлэг цайз, төв талбайн хаа нэгтэйгээс хөгжмийн аялгуу эгшиглэсэн үнэхээр л холын хүн дөрөө мулталж, ойрын хүн сэтгэл хоргодон саатмаар Любляна хот нам гүм, амгалан тайван хэр нь ээ хүмүүсийг хэзээ ч уйдаахгүй, үзэж харах зүйл ихтэй газар санжээ. Словени гэхээр хуучнаар Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсын бүрэлдэхүүнд байсан орон гэдгээр манай ахмадууд сайн санах ч залуус тэр бүр мэдэхгүй биз ээ.

   Альпийн нурууны өндөр уулсын дунд орших үзэсгэлэнт нуурууд, тэгш тал, өтгөн шигүү ой модтой, Адриатын тэнгисийн эрэгт орших Балканы хойгийн Словени хэмээх энэ орон зочломтгой найрсаг ард иргэд, үзэсгэлэнт байгаль, өндөр хөгжсөн зам тээврийн сүлжээ, амарч аялах олон сонголтыг санал болгодог гэдгээрээ Европ дахь аялал жуулчлалын гол цэг болсныг хэдхэн хоног саатахдаа мэдрэв.

    Учир нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтарсан “Жендерийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хүрээнд манай 22 цэргийн алба хаагч Словени Улсын Любляна хотод богино хугацааны сургалтад хамрагдах завшаан тохиосон нь энэ билээ. Хэдий сургалтын хөтөлбөр шахуу өдөр бүр 06.00-16.30 цаг хүртэл тасралтгүй хичээлтэй байсан ч нэгэн амралтын өдрөөр словени нөхөд маань талын Монголын хөвгүүд, охидыг хязгаар нь үл харагдах үзэсгэлэнт далайн эрэг, гайхамшигт агуй, сүрлэг цайзаараа аялууллаа.

    Төв ба Өмнөд Европын уулзварт орших энэ улсын нутаг дэвсгэр нь 20 мянга гаруй км2 хэмжээтэй ба 2,1 сая хүн амтай аж. Үүнээс 80 хувь нь словенчүүд, үлдсэн 20 хувийг нь серб, хорват, македон, босни болон италичууд бүрдүүлдэг. Словени хүн гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд буух нь уг сургалтын зохион байгуулагч нүдээрээ инээмсэглэсэн Даяана бүсгүй агаад түүний хэлснээр тус орон улс төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмждэг улс гэнэ. Автомашин тэр дундаа трактор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Мөн амгалан тайван бөгөөд байгаль орчинд ээлтэй улс орны жагсаалтын эхний тавд багтдаг, хайрлаж хамгаалдаг олон ан амьтны нэг нь хүрэн баавгай. Үүнийгээ нотлох шиг Любляна хотын зарим гудамж талбайд хүрэн баавгай зөгийн балаа тэвэрснээр дүрсэлсэн хөшөөд сүндэрлэсэн байв. Мэдээж зөгийн аж ахуйн соёл тэдний өв уламжлалынх нь салшгүй нэг хэсэг болж, амт чанараараа ч дэлхийд танигджээ.

    Бид эхлээд Европын хамгийн урт агуй болох “Постожна”-д саатлаа. Любляна хотоос нэг цаг гаруй давхиад очих замд сургалт зохион байгуулагч, бидний журмын нөхөд болох Филип, Даяана нар тэр агуй болон тэндхийн олон зуун настай үл мэдэгдэх амьтны тухай домог түүх хослуулсан сонирхолтой яриа дэлгэв. Словенид 12 мянга орчим агуй бүртгэгдсэнээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Гэвч ердөө 20-иодыг нь л нээж, аялал жуулчлалын урсгалыг татахад зориулжээ. “Постожна” агуй 24 километрийн урттайгаас ердөө 5 километрийг нь л аялагчдад зориулж дэлгэсэн бөгөөд бүдэгхэн гэрэл, гүүр, бэхэлгээ хийснийг эс тооцвол яг л байгалиараа байна. Мэдээж гэрэл зургийн аппарат ашиглахыг хориглож. Гэрлийн дулаанаар агуйн зарим чулуулаг бутарч унах, өнгө төрхөө алдах эрсдэлээс сэргийлж тэр. Харин гар утсаараа гэрэл асаахгүйгээр зураг авах боломжтойг хөтөч маань тайлбарлана лээ. “Постожна” агуйг 1818 онд нутгийн оршин суугч Лука Чечит санамсаргүйгээр нээн илрүүлсний дараа жилээс олон нийтэд ил болгож, албан ёсоор аялал жуулчлалын газар болгон зарласан байна. Хамгийн сонирхолтой нь, агуй дотроо гол, хүрхрээтэй, аялагчдад үйлчлэх вагончиктой. Анх орохдоо агаарын дутагдалд орох вий гэсэн айдастай байсан ч ямар нэгэн бэрхшээл гарсангүй. Словеничууд жуулчдад зориулж байгалиараа мөртлөө хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх бүх талыг нь тооцож, тохижуулжээ. Тэр ч утгаараа энд жилд дунджаар 1 сая жуулчин ирж үзэж сонирхдог байна. Монголчууд бидэнтэй вьетнам, австрийн аялагчид ч дөрөө нийлэв. “Багаараа хамт” гэсэн уриатайгаар агуй дахь аяллын замыг туулах бөгөөд энэ нь бусдаасаа хоцрох, унаж гэмтэхээс сэргийлж буй хэрэг. Тэгээд ч эхний багийнхан хөтчөө дагаад явахгүй бол дараагийн аялагчид хэдий нь ээ тулаад ирчихдэг. Нарийхан замд зөрөх ч, үлдэх ч аргагүй учир ингэж явсаар агуйн төгсгөлд нөгөө үлгэр домгийн эзэн болсон “Олм” гэх амьтныг үзэж сонирхов. Словеничууд түүнийг “Луугийн хүүхэд” гэж нэрлэж. Хоёр төө орчим хэмжээтэй, манайхнаар бол говийн гүрвэлтэй л төсөөтэй энэ ховор, содон амьтнаа словеничууд тусгайлан шилэн хоргонд байрлуулж, жуулчдад үзүүлж байна.

Хөтчийн өгүүлснээр 2006 онд анх олж илрүүлсэн энэхүү амьтан 100 хүртэл насалдаг, хэдэн ч жил хоолгүй амьдрах чадвартай гэнэ. Түүнийг луугийн үр сад гэж бэлгэшээж ирсэн нь Любляна хотын төв гудамж дахь үлэмж том хос луугийн хөшөөтэй холбоотой болов уу.

    Дараа нь бид үзэсгэлэнт далайн эрэгт саатав. Нар шингэхтэй зэрэгцэн очсоныг хэлэх үү далай нарны шаргал туяанд хучигдаж, орчин тойрноо ёстой үлгэрийн мэт болгожээ. Эрэг дагуух европ хийцийн барилгууд нь өнгө алаглан хоршиж, далай ширтэнгээ мах шарж, пиво шимж суугаа хүмүүс, хос хосоороо хөтлөлцөн гүйлдэх залуус нүднээ содон тусна. Далайн эрэг дээрх амьдрал талын монголын бидэнд үнэхээр сонин содон санагдсан ч “Удвал уйтгартай байх даа” гэсээр зочид буудлынхаа зүг мордлоо.

    Словенид саатсан арав гаруй хоногтоо ховор хийцийн нэгэн барилгад сургалтад хамрагдсанаа онцлохыг хүслээ. Өндөр моддын дундах энэхүү Яблье цайзад Словени Улсын Энхийг дэмжих ажиллагааны төвөөс гадна хэд хэдэн төрийн албан байгууллага байрладаг байна. Энхийг дэмжих ажиллагааны төв нь улсынхаа Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам гэсэн гурван байгууллагад хамаардаг, олон улсын сургалтуудыг дагнан зохион байгуулдаг газар ажээ. Уг цайзыг 1530 онд бүтээн байгуулсан гэдэг ч анхны суурь нь 1268 оноос эхтэй гэнэ. Энэ хугацаанд язгууртны хувийн харш байхаас эхлээд их сургуулийн факультетийн туршилтын байгууламж болтлоо он цагийг туулсан байна. Харин 1999 оноос иж бүрнээр нь сэргээн засварлаж, өнөөгийн өнгө төрхөө олжээ. Бид ч тэнд 10 хоногийн туршид суралцаж, жендэрийн талаар дэлхий нийтийн баримтлаж буй чиг хандлагатай танилцав.

    Хамгийн сонирхолтой нь, бид энд нэг ч монгол хүнтэй тааралдсангүй. Харин монголчуудын талаар эчнээ таних Лиза гэх бүсгүйтэй л уулзлаа. Лиза бидэнтэй хамтран ажилласан Европын холбооны төслийн зохицуулагч Австрийн иргэн Филипийн гэргий бөгөөд түүний өвөө 1970-аад оны эхэн үед Монгол Улсаар аялж, Хөвсгөл, Архангай зэрэг хэд хэдэн аймагт зочилж, малчин ард түмний аж байдлыг гэрэл зургийн хальснаа өнгөтөөр буулгаж, үр хүүхдүүддээ монголчууд гэж найрсаг зочломтгой, эр зоригтой, байгаль дэлхийтэйгээ ойрхон хүмүүс байдаг тухай сонирхуулж ярьдаг байжээ. Бага наснаасаа танил болсон монголчуудтайгаа ийнхүү уулзаж, тухайн үеийн монголчуудын аж амьдралыг харуулсан өнөөх гэрэл зургуудыг авчирч сонирхуулсан нь тэр юм. Нөхөр Филип нь “Европын холбооны шугамаар олон ч төсөл дээр олон ч хүнтэй хамтран ажиллаж үзсэн. Харин ийм өндөр зохион байгуулалт, сахилга баттай цэргийн алба хаагчдыг анх удаа харлаа” гэсэн талархлын үгтэйгээр биднийг үдэж мордуулсан билээ.

    Техник технологийн хөгжлөөрөө бус хуучны өнгө төрхтэй цайзууд, амар амгалан орчин, гудамжаар дүүрэн хөглөрөх шаргал навчис, зөрж өнгөрөх царайлаг европ бүсгүйчүүд гээд дурсан уярах олон сайхан сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлсэн энэ удаагийн аяллын маань төв цэг Словенийн Любляна хот байлаа. Баяртай, Любляна...

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109