Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч, хэлтсийн дарга хурандаа А.Нямбаяр нарын албаныхан оролцов. Командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн удирдлага, штабын офицерууд танхимаар, орон нутаг дахь ангиудын удирдах бүрэлдэхүүн цахимаар оролцож, 2024 онд гүйцэтгэсэн ажил үүргээ танилцуулахын зэрэгцээ 2025 онд баримтлах бодлого чиглэлтэйгээ танилцлаа.
Хурлын эхэнд Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг илтгэлээр танилцуулав. Тэрээр илтгэлдээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 68 арга хэмжээний 92.5 хувийн биелэлттэй, Хуурай замын цэргийг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн шинэчлэл, сургалтын дэд тогтолцоо, түүний үр өгөөжийн талаар мэдээлэл хүргэж, цэргийн алба сахилга хариуцлага, бүтээн байгуулалт, цэргийн албаны орчин нөхцөл, ногоон байгууламжийг өмнөх онтой харьцуулж, өсөлт, бууралттай нь дурдлаа.
Мөн ОХУ, БНХАУ, АНУ-ын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан сургуулиудын онцлог, ач холбогдол, алба хаагчдын оролцооны талаар тодотгож, Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль, “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг түшиглэсэн сургалтууд болон салааны захирагч нарын мэргэшүүлэх сургалт, “Оюутан цэрэг-2024”-д гүйцэтгэсэн үүрэг, цас зуд, гамшиг ослын үед ард иргэддээ үзүүлсэн тусламж, тэсэрч дэлбэрэх зүйлийг аюулгүй болгосон тоо баримт, ургац хураалтад манлайлан оролцсон талаараа ч илтгэлээ. Илтгэлийнхээ төгсгөлд бүтээлч ажлаар хоёр жилийн хугацаатайгаар хэрэгжсэн “Ногоон хөгжил-Эко орчин” төсөл, Зэвсэгт хүчний 119, 234, 336 дугаар ангиудын алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлсэн “Зам” төсөл, Хөвсгөл нуурыг цэвэрлэж, живсэн машин техникийг татан гаргах ажлыг дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн бүтээлч ажил, хадгалалтаас ашиглалт руу шилжүүлсэн зэвсэглэл техникийн засвар шинэчлэл болоод БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэй шинэчлэгдсэн цэргийн байр, гал тогооны барилга зэрэг бүтээн байгуулалтыг нэрлэлээ.
Үүний дараа бригадын генерал Ж.Өсөхбаяр илтгэлтэй холбогдуулан зарим албан тушаалтнаас тодруулга авч, үргэлжлүүлэн бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв. Тэрээр Хуурай замын цэргийнхэн 2024 онд өндөр ачаалалттай байж, олон чухал ажлыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Ялангуяа мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрштэйгөө хамтарсан сургуулийг амжилттай зохион байгуулж, алба хаагчдаа мэргэшүүлэх шаталсан сургалтуудыг явуулж, бэлэн байдал, бэлтгэлжилтийг хангах зарим арга хэмжээ нь Хуурай замын цэргийн төдийгүй Зэвсэгт хүчний онцлох ажлын нэг юм. “Ахлагчийн хөгжлийн төв”-өө түшиглэсэн сургалтуудыг цаашид улам төгөлдөржүүлж, зэвсэглэл техникийн бэлэн байдал, төлөвлөлтийн баримт бичгүүдээ жигдэлж, дотоод хяналт шалгалтаа тогтмол зохион байгуулж, салбар зөвлөлүүдийн уялдаа холбоог хангаж, цэргийн алба хаагчдын үндсэн хөдөлмөр болсон сургалт бэлтгэлээ чанаржуулахад онцгой анхаарахыг захилаа.
Түүнчлэн 2025 оныг Зэвсэгт хүчний хэмжээнд “Бэлэн байдлын түвшин тогтоох жил” болгон зарлахаар төлөвлөж байгаа учир энэ талын ажил ирэх онд давамгайлна, ирэх оны хоёрдугаар сараас Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны дамжаанд хамруулж, англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэлнэ. Иймд үүний бэлтгэл ажлыг сайтар ханга хэмээн нэгтгэл, ангийн захирагч нарт үүрэг өгч, 2025 ондоо урьдын адилаар ажил албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Хурлын төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал Хуурай замын цэргийн 2025 оны зорилго, зорилтуудыг задлан тайлбарлаж, энэ нь “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд хөгжлийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгааг ч дурдсан юм.
Ахмад Д.БОЛОР