Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай (КОЙКА) хамтран цэргийн алба хаагчдад солонгос хэлний мэдлэг олгох сургалтыг 2024 оноос эхлүүлсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн 16 цэргийн алба хаагчид 10 сарын хугацаанд солонгос хэлний мэдлэг олгож, 11 дүгээр сард анхны төгсөлтөө зохион байгуулсан юм. “Койка” олон улсын байгууллагын зохицуулагч, албаны хүмүүс өнөөдөр командлалд зочилж, эхний сургалтын ач холбогдол, үр дүнгээ нэгтгэн ярилцаж, цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахтай холбоотой зарим асуудлаар санал солилцсон юм.
Олон улсын байгууллагын төлөөлөгч нарыг Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат хүлээн авч уулзахдаа анхны дамжааны багш тус байгууллагын сайн дурын ажилтан Мүүн Жүн Хо болон дэслэгч Г.Хатансайханд (016) нарыг онцлон дурдаж, “Койка”-гийн хамт олонд командлалын талархлыг гардуулан өгсөн юм. Үүний дараа Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх зочдод командлалын үйл ажиллагааг танилцуулж, хоёр дахь дамжааны суралцагч нарыг хүлээн авах бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар ярилаа.