• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НОМЫН САДАН ГУРВАН БАЙЛДАГЧ
Нийтэлсэн: 2024-12-23 16:21:20
Үзсэн: 212

НОМЫН САДАН ГУРВАН БАЙЛДАГЧ
Нийтэлсэн: 2024-12-23 16:21:20 Үзсэн: 212



    Тэднийг байлдагч Мөнхбаярын Хосбаяр, Баттулгын Тэргүүнбаяр, Барсболдын Анхбаяр гэдэг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнх. Эцэг эхийн хайрласан баяр нэрээрээ ижилссэн гурван байлдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын “Номтой нөхөрлөе” өдөрлөгт оролцож, нэгэн өдөр хүссэн номоо уншиж өнжив. Гурвуулаа л нийслэлийн дүүргүүдээс цэргийн албанд татагдаж ирсэн, ирснээс өмнөх би, ирснээс хойших би эрс тэс өөр болсон гэцгээв.

    Хүний амьдралд энгийн мэт боловч унтсан ороо зөв хураахаас эхлээд хүнтэй харилцах, багаар ажиллах, бусдын өмнө хариуцлагатай байх, нөхөрлөх зэрэг олон чанаруудыг цэргийн албанаас олж авснаа хуучиллаа. Албанд дөнгөж татагдан ирснийхээ дараа цахимжсан нийгэмд гар утастайгаа хэлхээтэй мэт өссөн бидэнд цэргийн орчин хол мэт санагдсан ч одоо бол хамгийн дотно газар болж. Цэргийн өдөр тутмын бүх зүйл төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттай байх нь бидний төлөвшил, хүмүүжилд ч сайнаар нөлөөлж байна. Хожим цэргийн албанаас халагдсаныхаа дараа аливаа ажлыг төлөвлөж сурах, өдрийг үр ашигтай өнгөрүүлэхэд өнөөдрийн сахилга бат, зохион байгуулалт сайн үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Байлдагч М.Хосбаярын ах М.Анхбаяр хэдхэн жилийн өмнө Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хаасан нь түүнд хамгийн сайн үлгэр жишээ болж. Ах нь цэргийн албаныхаа талаар, онжавуудынхаа талаар үргэлж сайхнаар дурсан ярьдаг нь дүүд “Байлдагч хэмээх эрхэм цолны эзэн заавал болно доо” гэдэг зорилгыг тэр цаг үеэс эхлэн өгсөн гэнэ. Харин өнөөдөр мөрөөдлөө биелүүлж, байлдагч болчихсон, бүр сонирхол ижил онжавуудтайгаа номын тухай хөөрөлдөж суугаадаа бахархаж буйгаа өгүүлнэ лээ. Тэр мэдээж дөнгөж 18-хан настай. Олон сайхан мөрөөдлийг цээжиндээ тээжээ.

     Түүний онжав байлдагч Б.Тэргүүнбаяр, Б.Анхбаяр нар өмнө нь оюутан байсан, үсчингээр ч дадлагажсан, үйлдвэрт ч ажилласан туршлагатай бөгөөд өөрсдийн хүсэл тэмүүллээрээ цэргийн албанд татагдан иржээ. Тэд номын тухай хөөрөлдөхдөө залуучуудад шинэ санаа өгсөн хувь хүний хөгжлийн бүтээлүүдийг ихэнхдээ уншдаг, мэдээж түүхийн номуудад дуртай. Гэхдээ түүхийг эх түүхээр нь буюу уран сайхны нийтлэлд оруулаагүй бүтээлийг л олж унших нь зүйтэй гэцгээв. Байлдагч нар командлалын номын санд саатахдаа хэд хэдэн бүтээлийг хайж байсан, ашгүй эндээс олж авлаа хэмээгээд номын санч бүсгүйгээс ажлын таван хоногийн хугацаатайгаар “зээлж” нэгтгэлийнхээ зүг тэврээд мордов оо. Тэдгээр нь сүүлийн хоёр жилийн туршид номын их дэлгүүрүүдэд бестселлер болж буй бүтээлүүд байлаа.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108