Энэ зураг 2022 оных. ЗХЖШ-ын даргаасаа “Алтангадас” одонгоо хүртсэн Алтаа эгчийн зураг л даа. Түүнийг цэргийнхэн тэр бүр мэдэхгүй ч “Соёмбо” сонины хамгийн хариуцлагатай бөгөөд гол хүмүүсийн нэг. Тэр үгүй бол сонин өрөгдөхгүй, олон мянган тэр задгай үгс сонины хэлбэрт орж хайрцаглагдахгүй л гэсэн үг. Мөрдэстэй цэргийн алба хаагчдаас дутуугүй л зав чөлөөгүй гүйж, цэргийн албын өдөр тутмын үйл ажиллагааг таслаагүй олон мянган энгийн ажилтан албан хаагчдын нэг нь “Соёмбо” сонины эх бэлтгэгч Г.Алтанцэцэг юм. Тэрээр тэргүүндээ соёмбоо залж, гартаа “Соёмбо”-оо барьчихсан уншиж суугаа цэргийнхэнтэй олон жил дөрөө харшуулан цуг яваа бүсгүй. Соёмбынхны дундаа түүх, баримт, архив нь. 20 гаруйхан настай, хонгор зүстэй байхаасаа л Зэвсэгт хүчний эгнээнд нэгдэж, өнөөдрийг хүртэл үнэнч яваа түүнд “Соёмбо”-ынхон, тэр дундаа сонины уншигчид, ахмад буурлууд чин сэтгэлээсээ хайртай.
Үргэлж өөрөөсөө инээмсэглэл тодруулна, асуудал гарвал зохицуулна аа л гэнэ. “Соёмбо”-ын үе үеийн залуус ч хэзээд хайрлан хүндэтгэнэ. Өдгөө ОХУ-д цэргийн академид суралцаж байгаа хошууч Э.Очхүү ямар сайндаа “Алтаа эгч ээ, би танаас түрүүлж цэргийн тэтгэвэрт гарна. Цагаан сараар ахмадуудаа авахад чинь би ирээд “Хүүхээ алив тэр бэлгэнд өгсөн хэвийн боовыг машинд хийгээдэхдээ. Алив гүйгээд яв, ахмад нь ирсэн байхад” гэж хэлнэ шүү л гээд редакцаар дүүрэн инээд хөөр болно. Редакцын хаалгаар орж ирсэн үе үеийн залуу цэргийн сэтгүүлч, зурагчинг дэмжиж, дөртэй болоход нь тусалдаг хүний нэг нь тэр яах аргагүй мөнөөсөө мөн билээ.
Ойрноо харин “Цэрэг хандивлагч иргэн А” гэдэг нэртэй болсон байна лээ. Яасан гэсэн өөрөө Дундговийнх л доо. Ах дүүсийнхээ бүх эрэгтэй хүүхдүүдийг цэрэгт мордуулдгаараа цуутай гэх үү дээ. Хавар, намрын цэрэг татлага бүрээр манай ах, манай дүүгийн тэр хүүхэд тэр ангид цэргийн албанд ирлээ гэдэг яриа байнга гарна. Өөрөө энэ албанд ажиллаж, ахан дүүсийнхээ 18 нас хүрсэн эрчүүд бүрийг эр цэргийн тангаргыг нь өргүүлж, эх оронд нь данстай болгож тушаадагт нь хайр хүрээд байдаг юм. Дундговийн цэргүүд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хуваарилагддаг, тэр бүрт эгчийн ах, дүүсийн хүүхдүүд 2-3-аараа дунд нь байж л байна. “НҮБ-д цэрэг хандивлагч улс” гэдэг нэршил байдаг шиг “Армид цэрэг хандивлагч иргэн” гэж жагсаавал Алтаа эгч лав нэлээд дээгүүр орох байх шүү. Инээдээр гоёсон, ажлаараа бахархсан ийм л олон энгийн ажилтан албан хаагчид та бидний дунд бий. Тэдний ачийг хэзээд үл мартнам...