Артиллерийн тухай яриа дэлгэхэд түүний гүйцэтгэсэн үйлс бүхэн дурсагдаж, артиллерийн тухай яриа болоход түүний гэгээн төрх нь сэтгэлийн гүнээс тодрон харагдана. Артиллерийн цэрэг, хурандаа Т.Батбор агсан хоёр нэгнээ илэрхийлэх шиг тийм л бат бөх ойлголт болж дээ. 1996 онд ҮБХИС-ийн хашаагаар 18-хан настай өндөр бор хархүү артиллерийн команд-тактикийн офицер мэргэжлээр суралцахаар орж ирснээс хойш 28 жил цэргийн албандаа тэр дундаа артиллерийн цэргийн хөгжил, шинэчлэлд бие сэтгэл, залуу нас, идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээлээ бүрэн зориулж, тэнгэрийн орныг зорих өдөр хүртлээ өргөсөн тангарагтаа үнэнч явсанд нь мэхийн ёсолмоор тийм л эгэлгүй нэгэн байлаа.
Тэртээ 2000 оны наадмын дараахан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн батарейны захирагчаар ажлын гараагаа эхлүүлж, Зэвсэгт хүчний 120, 186, 016, 167, 120 дугаар ангиудад цэргийн хүний ёсоор томилолт өвөртлөн сэлгэн ажиллаж, шатлан дэвшсэн тэрээр хамгийн сүүлд Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн цэргийн даргаар 2023 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2009, 2018, 2022-2023 онд ОХУ-ын Санкт-Петербург болон Казань хотод мэргэжлээрээ бүрэн бэлтгэгдсэн Зэвсэгт хүчний тэргүүний алба хаагч нь тэр байв. Харамсалтай нь хорвоогийн жам хатуу гэдэгчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард Зэвсэгт хүчин артиллерчин хүүгээсээ, хайртай гэр бүл, үр хүүхдүүд нь халамжит хань, асралт ааваасаа өнчирч, хамт олон нь ажил, албаныхаа манлайд явсан гүндүүгүй сайхан офицероосоо хагацсан юм. Уг нь удирдлага, хамт олноос нь ажил албандаа үргэлж тэргүүлэгч нь байдаг офицертоо 11 дүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулахаар өмнө нь тодорхойлоод байв. Төр засгаас ч эрхэм офицерын хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж зарлигаа сонордуулсан бөгөөд Хуурай замын цэргийн командлалаас эзнээ зорин ирсэн Цэргийн гавьяаны одонг хань ижил, үр хүүхдүүдэд нь энэ сарын 7-ны өдөр буюу хоног хураах өдрөөр нь хүндэтгэлтэйгээр гардуулж өгөв. Командагчийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, эрхэм офицерынхоо Цэргийн гавьяаны одонг Төрийн далбааны хамтаар ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчиндээ ийм л тэргүүлэгч, хамт олондоо эвийн гагнаас, нөмөр нөөлөг, анги байгууллагад түшиг тулгуур нь болж явсныг энэ өдөр урьдын адилаар дахин илэрхийлсэн юм.
Түүний хань Д.Болормаа Зэвсэгт хүчиндээ тасралтгүй чин үнэнчээр зүтгэсэн он жилүүдийг үнэлж, төрийн одонгоо хүртээсэн явдалд талархал илэрхийлж, эрхэм хурандаагийн цэргийн албаны төлөө хөгжил, шинэчлэлд оруулсан үйл хэргээр нь бахархан өгүүлж, тэнгэрт дэвшсэн офицерынхоо гэр бүлийг эргэж тойрч байгаа явдалд баярлалаа гэсэн юм.
Халих нь үү дээ гэтэл даргин буцалж байгаа цай шиг амьдралын төлөө, албаны төлөө, артиллерийн цэргийн төлөө зүтгэж явсан эгэл биш том нөмөртэй, итгэж болох чин сэтгэлтэй, хэн хүний дотор байгаад байдаггүй мөн чанартай Тайвангийн Батбор хурандаагийн минь гэгээн дүр төрх мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ХАМТ ОЛОН