Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээхэд чиглэсэн дэд төслүүдийг өрнүүлж эхэллээ. Үүний хүрээнд “Монгол эр хүн-Эр цэрэг” төслийг Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас эхлүүлж, Монгол эр хүний эрхэмлэх ёсон, уламжлалт ёс, зан заншлыг сурталчлан таниулж, алба салбараараа бахдах урам зоригийг нь нэмэгдүүлэх уулзалт ярилцлагыг өрнүүллээ.
Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар уригдан оролцож, өөрсдийн амьдралын түүхээс хуваалцаж, эх орноо батлан хамгаалж буй дайчдын тухай омогшил бадраан өгүүлэв. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын ирээдүйг авч явах золбоо хийморьтой цэрэг эрстэйгээ уулзаж, өөрийн өчүүхэн туршлага сургамжаа ярьж байгаадаа баяртай байна. Та бүхэн халагдаад аав болно, бүсгүй хүний хань болно” гээд аав, ээжийгээ энэрэх, ахан дүүсээ хүндэтгэх, хань ижлээ зөв сонгож, хайраар дутаалгүй авч явах үүрэг хариуцлага эр хүн бүрт байдгийг онцоллоо.
“Эр хүн гэдэг байгалийн өгөгдлөөрөө ч тэр гэр орон, улс орноо авч явахаас бус залхуурч, хойш сууна гэж яав ч байж таарахгүй зүйл. Та нар харин эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, үнэ цэнтэй, бахархал дүүрэн нэг жилийг өнгөрүүлж байгаа нь цэргийн албанд ирээгүй үеийнхээ залуусаас ухамсар, хүмүүжлээрээ хавь илүү гэдгийг нь илтгэж байгаа юм. Та нараар би бахархаж байна” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд тус ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир артиллерчин дайчдын оюуны цангааг тайлж, үнэтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн Хөдөлмөрийн баатруудад талархал дэвшүүлж, “Артиллерчдыг үргэлж дурсаж яваарай” хэмээн дурсгалын зүйл гардуулж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.
Ахлах дэслэгч Б.ХАЛИУН