Юмсын учир тайлахгүй балчир насандаа эр цэргийн алба хаачихвал том бодолтой, томдсон гуталтай одоогийн хүүхдүүдэд мөнчиг хэрэгтэй юм сан. Бүгдийг фронтод, бүхнийг ялалтад зориулж явсан дайны он жилүүдэд хүлэг бүр ажнай, эр болгон цэрэг явж дээ хэмээн санаа алдах буурлууд тантай нэг бус удаа таарч байсан биз. Өнөө цагт эртний явдлыг санаашран өгүүлэх нь эдүгээг шүүж, ирээдүйг үгүйсгэх мэт сонсогдоно. Амрагтаа бичсэн захидал нь сар, улирал дамнаж, ижийдээ хүрээд ирье гэж нэгдлийн даргаа царайчилдаг, хаврын хавсарга, өвлийн жаварт хайрагдан хэдэн малаа адгуулан насыг барах нь дэргэдээ цорготой, хажуудаа жорлонтой өссөн одоогийн залуусын сэтгэлгээнээс хэдий нь ээ алсарчээ. Өвгөний яриаг лавшруулан ухвал хүний оюунаас хэтийдсэн техник, технологийн хөгжлийг шүүсэнгүй, яс хагацаж, цус урссан дайны он жилүүдийг бүр ч дурсаагүй. Чухам өдрөөс өдөрт балран доройтох хүний мөс чанар, эр хүмүүний авьяас билэг, сүр ихт дүр өнөөгийн нийгэмд эзгүйдэж буйд ийнхүү харуусах аж.
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ, эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ, эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ хэмээн Болор цомын эзэн яруу найрагч М.Билэгсайхан нэгэнтээ өгүүлсэн билээ. Энэ нь угтаа эр хүний мөн чанар, өнөөгийн нийгэмд эзлэх байр суурийг товч бөгөөд томруунаар сийрүүлжээ. Арьс өнгө, шашин шүтлэг, ёс заншил үл хамааран уусан нэгдэх өнөөгийн нийгэмд хүн гэдэг амьтан эцэг эхээс заяасан хүйсээ ч өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх боломжтой болсон нь хүний эрх, эрх чөлөө үзэл бодлыг тултал хүндэлдэг соёлт нийгэм ирснийг батлан харуулна. Ирж, улирах энэ хорвоод бүхий л зүйлс өөрийн гэсэн өнгө аяс, цаг хугацаатай тул эвцэхтэй нь эвцэж, эвдрэхтэй нь эвдэрч хувьсан өөрчлөгдөж амьдрах нь хүмүүний заяа. Гэвч бидэнд мартаж боломгүй түүх, үгүйсгэж боломгүй тавилан бий.
Намхан чийрэг морьдынхоо хур дэлэн дээр бөхийж, наран шингэх зүг рүү суран бугуйл даллаж, намтар түүхтэй Парисын алтан цамхгийг уургалан ганхуулан татаж явсан найман зууны өмнөх суут монгол тэр хүмүүнийг бид өнөөдөр хаанаас хайх вэ? Их сургуулийн танхимаас уу, нам гүмхэн гэр хорооллын гудамжнаас уу эсвэл болжмор жиргэж хөхөө донгодсон хөдөөгийн буйдхан талаас уу? Угтаа бол учиргүй эрж хайх хэрэггүй. Маргаашаа бүтээж яваа оюунтан, аав ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдаж, чихэр жимсхэнд баярлан хөөрч яваа бор жаал, өнөөгийн тэнгэрээс маргаашийн байгаль, дэлхийн өнгө аясыг тааж ядах малчид гээд бид бүгд халуун эх орончид. Элдэв зүүсгэл гоёл, нэвчин уусах харь орны соёлд л багахан далдлагдаад буй хэрэг. Гагцхүү аливаа зүйл хэмжээ хязгаараа гэтэлгэхийн цагт зүй ёсноос гажууддаг жамтай. Хуурсаар хуурсаар худалч гэдэг шиг далдлагдсаар, үгүйсгэгдсээр улам бүр алсарч буй бидний бахдам түүх, нүүдэлчин ахуй соёл, монгол зан заншил, монгол хүмүүний мөн чанарыг эдүгээ цагт бид хэрхэн авч үлдэх вэ? Дээр дурдсанчлан улс, эх орны төв, айл гэрийн багана нь эртнээсээ эдүгээг хүртэл эр хүн байсаар ирсэн. Иймд эр хүйсэнд төрөөд эр болчихдоггүй гэдгийг ухаж ойлгосон өвөг дээдэс маань өрх толгойлж, улс тэргүүлэх эрчүүдийг бага ахуй наснаас нь эхэлж бэлтгэдэг байж.
Элдэв сургаал, цээрлэх үйлээр алхаа гишгээ, билэг оюуныг нь тэгшитгэж, хөл тэнцэхтэй нь зэрэгцэж эмээлт моринд сойгоод, дэл сүүлт адасгын ааш аягыг засаж, эмнэг хангалыг номхруулж сур хэмээн учир мэдэхгүй жаалыг зөнгөөр нь орхидог байсан нь хэнэггүй дээ биш, хэтийг харсандаа тэр. Хээрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй эмнэг хангалын зоон дээр унан босож тэнцэх явцдаа өдрөөс өдөрт гар хөл нь чангарч, эр бие нь хувирч ааг, омог нь багтаж ядаад, үеийн бүсгүйг шохоорхож, сэхүүн үнэртээс хүртээд ирэхийн цагт нь эр бие өслөө хэмээн үзээд цэргийн албанд мордуулдаг бичигдээгүй хуультай байж. Эрт цагт ингэж л эр биеийг өсгөж, эрдэмт хөвүүдийг бойжуулдаг байв.
Тэгвэл техник, технологи, соёл иргэншлийн шуурганд эцэс төгсгөлгүй нэвчин уусаж буй даяаршлын энэ эрин зуунд ирээдүй хойч үе болсон эрдэмт монгол хөвгүүдээ бид хэрхэн сурган хүмүүжүүлж, эх түүх, ахуй соёлоо дээдлэгч, эх оронч хүмүүнийг бэлтгэх вэ? Хагас зууны өмнө хэн нэгний хэтийдсэн мөрөөдөл, үлгэр домог мэт байсан хиймэл оюун ухаан, эдгэшгүй өвчнийг анагаах биотехнологийн эм бэлдмэл, ангараг гарагт хүмүүний соёл иргэншлийг шилжин суурьшуулах зэрэг нь өнөө цагт хэдий нь ээ биеллээ олоод буй. Гэтэл бид монгол ахуй соёл, эх түүхээ нандигнан хадгалж байна гээд дэлхийн хөгжлөөс өөрсдийгөө тусгаарлаж, таван хошуу малаа адгуулан лааны бүүдгэр гэрэлд ирээдүй хойчоо бэлтгэсээр байвал мөдгүй нэвтэршгүй намаг дунд мянга гаруй жил амьдарсан Африкийн омог шиг болно.
Иймдээ ч манай залуус цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэж дөрвөн уулын дундах Улаанбаатар хот руугаа чихэлдсээр, шахцалдсаар өнөөг хүрсэн байна. Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж өвөг дээдэс маань сургасаар ирсэн тул төр, засгаас монгол хүмүүн бүрийг эх түүхээ мэддэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиас их сургууль хүртэл нь заавал судлах хичээлээр Монголын түүх хичээлийг зааж өгчээ. Үүний үр дүнд үй зайгүй холхилдох их хотын гудамжинд таарсан хэнээс ч Чингис хааны талаар асуухад ямартай ч энэ улсыг төвхнүүлсэн ачтан гэдгийг хэлнэ. Иргэн бүр эх түүхээ мэддэг байх нь Монгол хэмээх улс энэ дэлхийд оршин тогтнодог гэдгийг батлан харуулна. Гэвч өнөө цагт хамгийн их үгүйлэгдэж буй зүйл нь эх оронч монгол хүмүүн билээ. Харь орны хэлээр хэлд орж, боломж л олдвол хилийн дээс алхан хүний нутгийг зорих сэдэлтэй залуус өдрөөс өдөрт олширсоор байгаа нь өнөөгийн Монголын эмгэнэл.
Улс орны залгамж халаа, тулах цэг болсон хүүхэд залууст улс эх орноо хөгжүүлье бус гадаад л гарчихвал гоё амьдарна гэдэг сэтгэлгээ улам бүр дэлгэрсээр байвал харь хүмүүс эзэн суух нь цаг хугацааны асуудал болно. Иймд бид үр хүүхдүүдээ Монгол Улсын төлөө цохилох зүрхтэй, эх оронч хүмүүн болгож өсгөж хүмүүжүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Эх оронч сэтгэлгээг ямар нэг боловсролын систем, эрдэмтэн профессорын лекцээс сонсоод ойлгочих зүйл биш. Өглөө бүр асгатай уул өгсөж гүйгээд нар мандахыг харж, өчигдөр улирч өнөөдөр золголоо гэж хүн бүр хараг гэсэндээ төрийнхөө сүлдэн доор өнөө цагийн он тооллыг эрээн чулуугаар өрж тавьсан, энхрий ялдам амраг, ачлал элбэрэлт ижий аавыгаа орхиод ангасан говийн халуун нар, жавартай өвлийн аниргүй шөнөөр эх орныхоо уудам талыг нүд цавчилгүй манаж үзсэн залуус л эх орон гэж юу болохыг, тусгаар тогтнолын үнэ цэнийг гадарладаг, бусдаас өмгөөлдөг. Иймд бид эх орны залгамж халаа, төр түших эрдэмт залуус, эх орноо батлан хамгаалагч хөвүүдээ энх цагт эр цэргийн албанд мордуулах нь улс, эх орны аюулгүй байдалтай дүйцэхүйц асуудал, хуулиар хүлээсэн эрхэм үүрэг гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Ө.НАСАНТОГТОХ