• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ НУТГААР...
Нийтэлсэн: 2025-02-18 14:57:05
Үзсэн: 118

ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ НУТГААР...
Нийтэлсэн: 2025-02-18 14:57:05 Үзсэн: 118



      Алсын аянд гарах тохироо, ажил үйлсийн бүтэмжээ бодолцон морин цагт “дугуй эргэсэн” бидний хэсэг нөхөд хотоос хөдөөг зорих замдаа шуударч, агаар, угаарын ялгааг дэндүү мэдэрч, амьсгал уужрахын хэрээр сэтгэл хөнгөрөөд ч байх шиг мэдрэмж төрлөө. Өнгөрсөн зууны түүхээ баринтаглаад, шинэ зууныхаа босгоор алхсан цэргийн сонины сэтгүүлчид бид энэ жил дөрвөн улирлыг дамнан дөрөө харшуулан давхиж, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүрэх нэгэн зорилгыг өвөрлөсөн билээ. Зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, тусгай салбаруудад ажиллах анхны томилолтоо өвөрлөсөн бид идэр есийн жавар хариагүй ид хүйтний цагаар Хан Хэнтий нутгийг хөндлөн гулд туулж, хээлэн бидэртэх Хэрлэн мөрний дагуу зорчиж, Дорнод Монголын тэнүүн тал нутгаар давхиж, дуртмал наран анхлан мандах Жаахан шаргын налгар хөндийг ороогоод эргэх замдаа уран бүтээлийн ганзага дүүрэн, уужуу алсын сэтгэгдэл өндөр, уулзаж ярилцсан олны итгэл өрнүүн, уг сурвалжаар нь төнхсөн үйл явдал арвин байснаа хэлэлцэж явав.

     Энэ удаагийн томилолтын бүрэлдэхүүнийг сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга хошууч Д.Мэндбаяр ахалсан бөгөөд зураглаач, эвлүүлэгч дэслэгч Б.Бадамжунай, гэрэл зурагчин дэд ахлагч Ц.Буянравжих, сэтгүүлч, зураглаач Ц.Даваажаргал болон миний бие хамтран ажилласан билээ. Ёстой л үзгээр сүвлэн үгээр сийлж, агшныг мөнхлөн амьдралыг зураглах сонины хийгээд студийн ажил мэргэжлийн онцлог өвч шингэсэн “мөрөөдлийн” баг байлаа. Энд нэгэн зүйлийг онцлоход, хошууч Д.Мэндбаяр нь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй цэргийн сэтгүүлч агаад түүнтэй хамт БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн алба хаагчид болох дэслэгч Б.Бадамжунай болон манай жолооч Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн жолооч ахлах ахлагч Л.Бат-Очир нар томилолтын бүрэлдэхүүнд багтсан нь сонин. Хүний нутагт энх амгаланг сахиулан хамгаалахын зэрэгцээ бие биеэ дэмнэж, хамтдаа улсынхаа нэрийг хичээх зүрх сэтгэлтэй залуусын эерэг хандлагыг томилолтын турш мэдэрсэн төдийгүй эх орны минь зүрхэн тольтод ч, зүүний хязгаарт ч “манай батальоныхон” хэмээн халуун дотно уулзан учрах нэгэн үеийн энхийг сахиулагчид, энэ цагийн эгэл цэргийн алба хаагчдаа харахад сэтгэлд нэн бахархалтай байсныг дурдахгүй өнгөрч боломгүй нь.

     Зүүн бүсийн томилолтоор бид 2000 гаруй километр замыг туулахдаа Монголын Зэвсэгт хүчний Агаарын болон Хуурай замын төрөл мэргэжлийн болон барилгын цэргийн угшилтай долоон анги, тусгай салбараар биечлэн ажиллахдаа хөдөө орон нутгийн болон алслагдсан анги байгууллагын үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилж, бие бүрэлдэхүүний амьдрал ахуй, ажил үйлс, санал бодол, сэтгэгдэл юүг нь халуун чихээрээ сонсож, хугацаат цэргийн албаны дайчидтай нүүр тулан ярилцаж, чин сэтгэлийн үгсийг нь дуулахыг эрхэм зорилгоо болгосон юм. Ялангуяа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас Засгийн газрын хуралдаанд танилцуулан батлуулснаар энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдэл 25 хувь болж өссөн, төрийн албан хаагчдын цалин хөлс 6 хувиар нэмэгдсэн болон алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт таван жил ба түүнээс дээш хугацаанд үүргээ гүйцэтгэж яваа цэргийн алба хаагчид мөнгөн урамшуулал авах боломж бүрдсэнтэй холбоотойгоор шийдвэрийн хэрэгжилт, хүмүүсийн бодит сэтгэгдлийг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах санал хүсэлтийг түүвэрлэхийг хичээсэн билээ.

      Хөдөө орон нутгийн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний ахуй амьдралыг дэмжих, албандаа тогтвор суурьшилтай ажиллах урмыг нь сэргээх эдийн засгийн томоохон дэмжлэг болсон дээрх шийдвэрүүдийг алга ташин хүлээн авсан ч заримыг нь бүр 20 гаруй жил хүлээсэн болохоор анхандаа үл итгэж, тээнэгэлзэж байсан ч эхнээсээ цалингийн данс нь “дүүрээд ирэх” бодит мэдээлэл, бүрэн мэдрэмж авсан болохоор урамтай байна лээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэсэн заалт ийнхүү хэрэгжиж эхэлсэн бололтой.

      Хүний сэтгэл ийнхүү тэнийж байгаатай нэгэн адил зүүн зүгийн нутгаар байгаль, цаг уур нь өнтэй дулаахан өвөл үргэлжилж байна. Цас зуд үгүй болохоор эгээ л намрын налгар тал уу, хавар эртийн хайлган цаг уу гэлтэй байх нь явуулын бидэнд соньхон байлаа. Өнгөрсөн жил эндхийн өвөлжилт хүндэрч, төмөр, шилэн гэгдэх зуднаар хамаг малаа барж, хотоо харлуулсан жишээ олныг сонсож байсан болохоор малчдынхаа өмнөөс баярлаж, хангай дэлхийдээ сүсэглэж л явлаа. Арван мянган малтай таван айл худаг ус, бэлчээр өвсөө булаалдан бөөн юм болж байсан бол хахир зуднаар хамгаа барж, нийлээд ердөө хоёр мянган малтай болоод эвтэй найртай зуншсан тухай Сүхбаатарын нэгэн уугуул сонирхуулж билээ. Хүн, малын зоо тэнийсэн сайхан өвөл болж байгааг замд тааваар идээшлэх бог бодын тарга тэвээрэг, хааяахан нэг зам хөндлөн зүсэж орж ирэх зээрийн сүрэг, малчны хот, ангийн хашаанд дүнхийн харагдах өвсөн нуруу, бэлчээрийн даацын дийлэнх хувийг эзэлдэг гэх тал хээрийн бүсийн энгээр шаргалтах дүр төрх бэлхнээ илтгэнэ.

Тааваар нэг идээшлэх мал сүргийг хараад манай Жунай “борцондоо бялуурсан юм шиг” гэсэн нь чихэнд содон туслаа.

      Армаг тармаг цас үзэгдэх төдий талаар давхихдаа “тамын тавь”, “Тамсагийн” гэхчилэнгийн өөр өөрийн онцлогтой засмал хийгээд шороон замыг туулсаар бид эх орныхоо зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол суманд очихдоо л хунгарласан цасанд бүдэрч, хүйтний эрчийг жинхэнэ мэдэрч, “өвлийн томилолт” гэдгээ гэнэт санасан даа. Нэгэн цагт өнгөлзөгч дайсны өрийг өшиглөж, өмөөрөх эзэнтэй гэдгийг харийнханд сануулж, ах дүү орны дайчин нөхөрлөлөөр халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолоо авч үлдсэн түүхэн замналыг хадгалж үлдсэн Халхгол бол газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улсын хамгийн том сум билээ. Мэнэнгийн талаас Хянганы уулсын хооронд өрнөсөн Халхын голын байлдааныг гэрчилж үлдсэн дөчөөд хөшөө дурсгал энд бий гэх. Тэнд байрлах манай Зэвсэгт хүчний тусгай салбарынхан харин өлчир өвлийн жаврыг сөрөн өдөр бүрийн бэлтгэл сургуулилтаа хийж, хором, мөч бүрий сэрэмжлэн сэргийлэх агаарын хилийн харуулдаа чин үнэнчээр зүтгэнэ. Аян замаа үргэлжлүүлсэн бид өмнөд хөршөөс 80-аадхан километрийн нааханд орших Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум Ширээтийн хөндийд радиолокацын антен бүхий автомашинтай таширлан туссан наран ижийн гоёмсог дүр зургийг хараалж дуун алдаж хөөрөхийн зэрэгцээ их найрагч Б.Явуухулангийн “...Бууж үдлэм холоос айл харагдах нь хачин, бугуйл хаях ойроос нар мандах нь сонин...” гэх яруу тансаг зураглал сэтгэлд буусан сан. Наран мандах зүгийг зорьж явахдаа бид талын хөх чонотой таарч “илүү хийморьтой явна” хэмээн бэлгэшээсэн бол зам хайчлан “зугаалах” хос хярсыг хараад өөрийн эрхгүй өхөөрдөл төрж билээ.

    Сүхбаатар нутгийн бренд сүүний хоолыг сониучирхан хүртэхдээ хөмүүлийн ааг, борцны амт сүүтэй ийнхүү төгс хосолсныг гайхан амтархан идлээ. Мөн буцах замдаа Алтанбулагийн хийдийн ариуслын хаалгаар төмөр хүлэгтэйгээ ороод гарсан болохоор сэтгэл дагаад улам ч таатай...

     Хан Хэнтийн нутгаар буудаллахдаа төрийн торгон сүргийг адгуулагч малчин айлд тухалж, Зэвсэгт хүчнээ сүү цагаан идээ, арьс ширэн бүтээгдэхүүнээр өвч хангах алс хэтийн зорилго тавин ажиллаж байгаа фермер, туслах аж ахуйн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ талын салхинд өлчиржиж, төвөргөөнт аргамаг хүлгүүдтэй ижилдэн дассан хугацаат албаны дайчидтай түүдэг галын дэргэд саатан суулаа. Түүнчлэн саяхан их сургуулиа төгсөөд анхны томилолтоороо хөдөөг зорьсон хотын нэгэн охиныг хэдийдээ ийм моринд гарамгай болж, малын гэдэс шувтарч янзлаад, хөдөөгийн амьдралд дасан зохицож, хэн хүнээс илүүтэй анги байгууллагаа өөриймсөн таниулж байгааг гайхан өөр зуураа ярилцлаа. Хөдөө гэдэг ийм л сайхан юм сан уу, хүний сэтгэл гэдэг ийм талбиун юм сан уу. Ямартай ч энэ удаагийн томилолтоор уулзаж ярилцсан бүхэн байгаль, цаг уурын ч болтугай бэрхшээл, саад гэж ярихаасаа илүү хол ойрын сонин сайхныг сонирхож, хийж бүтээж, хэрхэн амжуулж байгаа талаар сураглан судалж, нутаг оронд минь хэрэгтэй, тустай нь юу вэ гэлцэхийг олзуурхаж л явлаа.

    Дорнод Монголын тал нутгаар зорчоод ирсэн томилолтын богцоо ийнхүү нээж байна. Хөдөө орон нутгийн болон Зэвсэгт хүчний алслагдсан анги, салбарын үйл ажиллагаа, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид хийгээд хугацаат албаны дайчдын санал сэтгэгдэл бүхий дараа дараагийн сурвалжилга, нийтлэлүүдийг маань хүлээн байж уншина гэдэгт найднам...

Д.ГҮНЖИЛМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108