Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, нэгтгэл, ангийн захирагч, тэргүүн ахлагч нарын заах арга зүйн цугларалт 02 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “Хуурай замын цэргийн бэлэн байдлыг хангахад удирдлагын манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн цугларалтад нэгтгэл, ангийн тэргүүн ахлагч нарыг оролцуулж, өргөтгөсөн хэлбэрээр явуулснаараа онцлог байв.
Цугларалтаар 2025 оныг бэлэн байдлын жил болгосонтой холбогдуулан Хуурай замын цэргийн хөгжлийн урт болон дунд хугацааны төлөвлөлтөөр төвлөрөн ярилцаж, шийдэл гарц эрэлхийлж, өмнө хүлээгдэж байгаа онцлох ажил арга хэмжээнүүдээ тодотголоо. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэгтгэл, ангийн бүрэлдэхүүнийг уншиж судлуулах, шинэ арга барилаар ажиллах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг офицер, ахлагч нартаа ойлгуулах, эх оронч үзэл хүмүүжлийг нийгэмд түгээхэд алба хаагч бүр үлгэрлэн оролцох талаар үүрэг өглөө. Тэрээр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын үндсэн үүрэг гүйцэтгэх төлөвлөлтийг ноднин жилийн стратегийн цугларалтаар хэрхэн боловсруулах талаар ярилцаж байсан энэ удаа ажил хэрэг болгож, командлагчийн тушаалаар батлуулж, тактикийн түвшний анхдагч баримт бичигтэй болсон нь түүхэнд бичигдэх өдөр болон үлдэж байгааг ч онцлон тэмдэглэв. Төлөвлөлтийн баримт бичгээ батлахаас өмнө бүтэн жилийн хугацаанд КШС, ТХС, цугларалт, штабын дадлага, бүлгийн дасгалаар “шүүж”, хэлэлцүүлж, 2025 оныг бэлэн байдлын жил болгосны босгон дээр ийнхүү батлуулсныг дурдаад, цаашид сургалт бэлтгэлээр туршиж, нэмэлт өөрчлөлт, тодотгол хийж ажиллахыг үүрэг болгосон юм.
Үүний дараа Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр энэ удаагийн цугларалт ихээхэн үр дүнтэй болж байгааг цохож, олон жил, сар, хоног, өдрүүдэд боловсруулсан төлөвлөлтийн баримт бичгүүдийг баталсан нь хамгийн том амжилт байлаа гээд үүнд оролцсон нэгтгэл, ангийн офицеруудад командлагчийн талархлыг дамжуулахыг захилаа. Үргэлжлүүлэн хаврын эхэн сард зохион байгуулагдах Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн талаар мэдээлэл хүргэж, нэгтгэл, ангийн үүрэг, оролцоо бүрийг тодотгож, бэлтгэл ажлыг хангахтай холбоотой үүрэг өгсөн бол тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр ахлагчийн албаны нөхөн хангалтад бүх түвшиндээ онцгой анхаарах хэрэгцээ, шаардлагын талаар дурдав.
Энэ өдөр Хуурай замын цэргийнхэн жендэрийн мэдрэмжтэй байгууллага болох зорилт дэвшүүлсний хувьд Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас сургагч багш нарыг урин оролцуулж “Жендэр ба Зэвсэгт хүчин” сэдвээр мэдээлэл сонсов.
Төгсгөлд нь Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцсон захирагч нарт ЗХЖШ-ын даргын гарын үсэгтэй гэрчилгээг гардуулж, командлалаас уламжлал болон тогтсон шилдэг номын дээжийг оролцогчдод бэлэг болгон өглөө. Энэ удаа саяхнаас уншигчдын гарт очоод буй “Төр ба цэрэг”-ээс эхлээд геополитик, аюулгүй байдлын талаарх хамгийн шилдэг гэсэн бүтээлүүдийг багцлан бэлджээ.
2024 оны Батлан хамгаалах салбарын шилдэг ангиар тодорсон хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Зэвсэгт хүчний 2024 оны “Цэргийн алба, сахилгын зөрчилгүй анги” уралдааны тэргүүн байрт шалгарсан хурандаа Х.Лхагвадорж захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнханд Хуурай замын цэргийн удирдлагууд онцгойлон баяр хүргэж, Монголын нууц товчоог монгол бичгээр сийрүүлэн буулгасан онцгой нэгэн бүтээлээр шилдгүүдийг мялаасан юм.
Холоос зорин ирсэн нэгтгэл, ангийн захирагч нарт Хуурай замын цэргийн 2024 оны тэргүүний салааны захирагчаар шалгарсан дэслэгч нарын бэлгийг энэ өдөр мөн дайж явуулсан ба “Тэргүүний салааны захирагч нартаа” гэсэн зурвастай уутанд нь түрүүч байлдагч нартайгаа хамтдаа уншаарай гээд шилдэг бүтээлүүд, хувааж идээрэй гээд амттан хүртэл багтаасан байлаа.