• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРЫН ФОРУМД УИХ-ЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯА ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-03-17 15:10:59
Үзсэн: 125

ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРЫН ФОРУМД УИХ-ЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯА ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-03-17 15:10:59 Үзсэн: 125



   Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтарсан “Хуурай замын цэргийн эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт” дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Чуулга уулзалтад 03 дугаар сарын 14-ний энэ өдөр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тэргүүтэй албаныхан оролцож, “Монгол эмэгтэйчүүд” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавьж, оролцогч алба хаагчидтай яриа өрнүүллээ.

   УИХ-ын дэд даргын хамт ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Нийслэлийн НИТХ-ын төлөөлөгч, Гэрлэх ёслолын ордын захирал Ү.Оюунзул, МЦНХ-ны эмэгтэйчүүдийн клубын тэргүүн Ч.Отгонбаяр, Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Буянхишиг, ҮБХИС-ийн Батлан хамгаалах политехникийн коллежийн тэнхимийн дарга, доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг тэргүүтэй улс төр, нийгмийн ухаан, Зэвсэгт хүчний ахлагчийн албаны тэргүүлэгч бүсгүйчүүд оролцож, эмэгтэйчүүд тэр дундаа эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайллын талаар илтгэлүүд хэлэлцүүлж, санал дэвшүүлж, өөрсдийн туршлага сургамжаа хуваалцлаа.

   Арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал зочид төлөөлөгч, оролцогчдод удахгүй болох “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаагийн дотор анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайлал сэдвээр хамтран сургалт явуулж буйг цохон тэмдэглэв.

   Мөн тэрээр эмэгтэй ахлагч нараа чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгэм хамгааллын хувьд албандаа тууштай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь төр засгийн гол цөм асуудал болсныг мэдэрч УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирж оролцсонд талархал дэвшүүлж, цэргийн эмэгтэйчүүд Зэвсэгт хүчний ар тал, хангалт, холбоо, эрүүл мэнд, үйлчилгээний голлох үүргийг нуруун дээр үүрч явааг тодотголоо.

    УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр дүрэмт хувцсаар жигдэрсэн цэргийн бүсгүйчүүдтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, цэргийн нисгэгч хүний охины хувьд энэ салбар надад хамгийн ойр дотно санагддаг гэв. Тэрээр эмэгтэйчүүдийн манлайллын тухай ярьдаггүй, тийм ойлголт ч байхгүй цаг үетэй харьцуулахад энэ сэдвийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байгаа нь хамгийн том үзүүлэлт болохыг дурдаж, тэр дундаа эрэгтэйчүүд зонхилсон салбарт эмэгтэйчүүдийн тэгш боломж, манлайлал, хөгжлийн талаар ярилцаж байгаа нь хүний эрхийн мэдрэмжтэй Зэвсэгт хүчин болсныг харуулж байна гээд зохион байгуулагчдад баяр хүргэв.

    УИХ-ын дэд дарга цаашид энэхүү форумыг уламжлал болгон зохион байгуулахыг захиж, эмэгтэй хүний ажигч гярхай, өндөр мэдрэмжтэй, өр зөөлөн, тэсвэр тэвчээртэй, уян хатан чанар нь мэргэшсэн төрийн тусгай албанд зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл болохыг дурдлаа.

    Төгсгөлд нь тэрээр эх орны тангараг дор ажиллаж амьдарч яваа эмэгтэй ахлагч нарын манлайллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

    Үүний дараа АНУ-ын V дугаар аюулгүй байдлын дэмжлэгийн бригадын ахлагч тэргүүн ахлагч Жастин Стьюарт “Энэхүү чуулга уулзалт эхэлсэн цаг мөчөөс эхлээд ирээдүйд хэр чухал, нөлөө бүхий үйл явдал болох нь тодорхой харагдаж байсан. Бид дөрвөн өдрийн сургалтаар Монгол Улсын эмэгтэй цэргийн алба хаагчдадаа олон чухал сэдвээр хичээл сургалт явуулж, урам зориг, итгэлийг нь нэмэгдүүлж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Хамтдаа манлайлж, хамтдаа хөгжихөд байгууллагын алсын хараа, алба хаагчдын идэвх чармайлалт хамгаас чухал. Энэ удаагийн сургалтад хамрагдсан хүчирхэг монгол эмэгтэйчүүд дараах үеийн алба хаагчдадаа сайн нөлөө үзүүлнэ гэдэгт нь итгэж байна” гэлээ.

    НИТХ-ын төлөөлөгч, Гэрлэх ёслолын ордны захирал Ү.Оюунзул оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ дөрвөн зүйлд эмэгтэйчүүд анхаарах ёстойг туулж өнгөрүүлсэн туршлага, сургамждаа үндэслэн өгүүллээ. Өөрийгөө хайрлах, өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, гэр бүл, хайртай бүхнийхээ төлөөх амьдралын төлөвлөгөө, ажлын байранд хөгжиж дэвших, манлайлах ажлын төлөвлөгөө, дэлхий нийтийн олон мянган хүнтэй танилцаж, өөртөө мотавиц авах аяллын төлөвлөгөөг боловсруулж, мөрдлөг болгож явахыг захилаа.

    Тэрээр мөрдэс гоёсон бүсгүйчүүддээ зориулж, үндэсний дээлээрээ гоёхын сацуу оролцогч ахлагч бүсгүйчүүдэд амьдралд нь хэзээ ч мартамгүй “бэлэг”-тэй ирсэн байв. Учир нь тэрээр оролцогчдын төлөөлөл болгож, саяхан хайртай залуугаасаа сүйн бөгж авсан авсан ахлагч У.Гоёцэцэгт (014) Гэрлэх ёслолын ордонд хүссэн цаг хугацаандаа үнэ төлбөргүй хуримаа хийх эрхийн бичгээр шагнасан юм.

   Ийнхүү халуун дулаан уур амьсгал дор чуулга уулзалт үргэлжилж, эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайлал, тэдний хөгжилд олон чухал санаа дэвшүүлсэн улс төр, нийгмийн салбарын шилдэг бүсгүйчүүдэд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал чин сэтгэлийн талархал дэвшүүлж, форум анх төлөвлөж байснаас нь ч илүү үр дүнтэй болж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа уламжиллаа. Форумын үеэр эмэгтэй цэргийн алба хаагчдын ажил алба, амжилт ололтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн нь онцлог байна.

Гэрэл зургийг дэд ахлагч Ц.Буянравжих

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108