Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуультай уялдуулан орон нутаг дахь Хуурай замын цэргийн ангиуд хээрийн гаралт, полигоны дадлагыг амжилттай гүйцэтгэж байна. Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн салааны тактикийн бүлгүүд Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн сургуульд оролцсон бол үлдсэн үндсэн бүрэлдэхүүн ангийнхаа Сургалтынхаа төвийг түшиглэн хээрийн гаралт, полигоны дадлагыг гүйцэтгэх үүрэгтэйгээ уялдуулан тус тус зохион байгуулж буй юм.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот, жижиг бүлгүүдээр байлдааны ажиллагаа явуулахад, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан тактикийн жижиг бүлгүүдийн харилцан ажиллагааг сайжруулахад, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан тал хээрийн бүсэд, Зэвсэгт хүчний 123 дугаар анги уулархаг бүс нутагт тактикийн жижиг бүлгээр байлдааны ажиллагааг явуулахад чиглэсэн хээрийн гаралтыг тус тус явуулж байна.
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан мотобуудлагын салааны тактикийн бүлэг объектыг дайрах, чөлөөлөх ажиллагаа агуулгын дор хээрийн гаралт, полигоны дадлагаа зохион байгуулж, төгсгөлд нь байлдааны буудлагыг амжилттай гүйцэтгэлээ.
Нэгтгэл, ангиуд хээрийн гаралтын үеэр хугацаат цэргийн алба хаагчдын дадлага ур чадвар өсөн нэмэгдэж, тэд тасаг тоотоороо цэц мэргэн байгаа оносондоо сэтгэгдэл өндөр, урам зориг дүүрэн байгааг тус ангиудын орон тооны бус хэвлэлийн төлөөлөгч нар мэдээлэлдээ тодотгожээ.
Хугацаат цэргийн алба хаагчдаа сурсан эрдмээ бататгах дадлага сургалтаас гадна хээрийн байрлалд соёл амралтын байрыг төхөөрөмжилж, эх орон, эр зориг, тэсвэр хатуужлын тухай чөлөөт ярилцлага болон соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж, дайчдын нөхөрлөлийг улам бататгасаар байна.
Ахмад Д.БОЛОРМАА