Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна. Дэлхий нийтээр хүн ардын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад бүхнээ зориулдаг эмч, эмнэлгийн ажилтнуудаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байна. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр Монгол Улсын эмч нар 2024 оны байдлаар нийт хүн амын 79 хувь болох 2.8 сая иргэнд давхардсан тоогоор 22 сая удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Энэ нь бүхний ард алтан гарт эмч нарын цаг наргүй хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа, чин сэтгэл оршиж байдгийн нотолгоо юм. Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд тэргүүлэх үүрэгтэй ажиллаж, мөрдэс нэгт нөхдөө болон ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байна.
Энэхүү тэмдэглэлт өдөр Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд Хуурай замын цэргийн нэгдсэн хээрийн сургуульд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эм тариатай цүнхээ үүрээд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Эмнэлгийн бүлгийн даргаар ХЗЦК-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн эрүүл мэндийн хангалтын ахлах офицер ахмад Х.Гарьд ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийнх нь түүний 6 дахь хээрийн гаралт ажээ. Анагаахын Их сургуулийг 2018 онд төгсмөгцөө Зэвсэгт хүчний эгнээнд нэгдэн мөрдэстэй эмч болсон түүний хувьд энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургууль, хамтарсан сургууль, нэгдсэн хээрийн гаралт гээд хэзээ хаана хэрэгтэй байна тэр бүртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж яваа офицер. Эмнэлгийн бүлэгт нийтдээ 15 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж байгаагаас хээрийн гаралтад анх удаа гарч байгаа нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн их эмч Э.Молор-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн шүдний эмч Ц.Ундрам нар.
Э.Молор-Эрдэнэ ярихдаа “Хээрийн гаралт ийм зохион байгуулалттай, дэг журамтай байдгийг харж мэдрэхэд сайхан байна. Хэдий өөр өөр нэгтгэл, ангийн эмч нар ч гэсэн яг л нэг байгууллагад гар нийлж ажилладаг хүмүүс шиг халуун дотно байгааг хараад бахархаж байна. Хүн ардын эрүүл энхийн төлөө гэсэн тангаргаа эх орны төлөө гэдэг тангарагтай хослуулах болсондоо баяртай байгаа” гэв. Ц.Ундрамын хувьд Анагаах ухааны Их сургуулиа төгсөөд 10 дахь жилтэйгээ золгож байгаа, залуучууддаа зөвлөхөд амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалъя гэвэл шүдний угаалт тэр дундаа оройны угаалт хамгийн чухал болохыг захилаа. Тэд хээр талд завгүй хэдий ч “Олон улсын эмч нарын өдөр”-ийн мэндийг зорилго нэгт мөрдэстэй эмч нартаа хүргэж, “Эрүүл энхийн төлөөх үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай” гэсэн ерөөлийг үүгээр дэвшүүллээ.
Ахмад Д.БОЛОР