• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН АМТАТ ХООЛНЫ ЭЗЭД
Нийтэлсэн: 2025-03-29 13:32:31
Үзсэн: 102

ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН АМТАТ ХООЛНЫ ЭЗЭД
Нийтэлсэн: 2025-03-29 13:32:31 Үзсэн: 102



  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд Хуурай замын цэргийн генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид бүгд өөр өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэхээр тун завгүй хөдөлмөрлөж байна. Тэдний туйлын зорилго нь сургуулийг амжилттай зохион байгуулах гэдэг л ганцхан хүсэлт.

   Сургуульд алба хаагч бүр ажил мэргэжлийнхээ хүрээнд өндөр ачаалалттай ажиллах бөгөөд тэдний нэг хэсэг нь гал тогооныхон байна. Тэдний ажил үүрийн 04.00 цагаас эхэлж, шөнийн 01.00 цаг хүртэл өрнөнө. 1300 гаруй цэргийн алба хаагчийг өдрийн 4 удаагийн халуун хоолоор дайлахын тулд ингэж ажиллахаас ч аргагүй байх. Энэ удаагийн нэгдсэн хээрийн гаралтын хүнсний албаны даргаар ахлах дэслэгч Д.Энхтуяа (016) томилогдон ажиллаж байна. Цэргийн сургуулиа төгсөж, Зэвсэгт хүчний эгнээнд нэгдээд 5 жил болж байгаа түүнд анхны том хэмжээний хээрийн сургууль хэдий ч итгэл хүлээлгэсэн нь өөрөө алдах эрхгүй боломж гэж тэр үзэж байна. Шаламгай хурдан хөдөлгөөнтэй, “Одоо бүгдээрээ тэгье, ингэе” гээд бусдыг уриалан дуудаж, манлайлж, тэр хэмжээгээр арын албаны барагдашгүй их ажлыг түүртэлгүй хийж яваа офицер бүсгүй гэмээр.

     Харин ахлах тогоочоор мөн 016 дугаар нэгтгэлийн ахлах тогооч, ахлах ахлагч Г.Энхзаяа томилогдон ажиллаж байна. Тэрээр 2024 оны нэгдсэн хээрийн гаралтын үеэр ахлах тогоочоор ажилласан ба энэ жил өмнөх жилтэй харьцуулахад хүн хүчний хувьд хэд дахин нэмэгдэж, ачаалал өндөр байгааг онцолж байв. Тэрээр хамт олноо анги, ангиас цугласан тогооч, бэлтгэгч нар ч гэсэн нэг сэтгэл, нэг зорилготой гар нийлэмжтэй сайхан хүмүүс хэмээн магтчихаад ажилдаа ч шамдан оров. Гал тогоонд Хуурай замын цэргийн 11 нэгтгэл, ангийн 6 тогооч, 8 бэлтгэгч, 4 угаагч, нэг үйлчлэгч ажиллаж, өдөрт дунджаар 1300 орчим цэргийн алба хаагчийн 4 удаагийн халуун хоолоор үйлчилж байна.

    Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас ирсэн ээлжийн тогооч С.Бямбасүрэн, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас ирсэн бэлтгэгч Г.Бадамцэцэг гээд нэрлэж болно. Их говийн гарнизоны ээлжийн тогооч С.Бямбасүрэн Зэвсэгт хүчинд 38 дахь жилдээ ажиллаж байгаа, гарсан хээрийн сургууль, олон улсын сургууль нь түүнийг дагаад тоймгүй их гэнэ. Хоол хийнэ гэдэг буянтай ажил. Магадгүй эзэн нь баярлалаа гэж хэлээгүй ч ходоод нь баярлаж л байдаг чимээгүй буян даа, ажилдаа дурлаж явсаар өдийг хүрчээ гэсэн бол Г.Бадамцэцэг 2024 онд “Талын түнш”, “Сэлэнгэ” хамтарсан сургуулиудад бэлтгэгчээр гарсан, энэ удаа ч гэсэн мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэж байна. Тэрээр бэлтгэгч нөхдийнхөө хамтаар 1300 гаруй хүний 4 удаагийн халуун хоолыг хийхийн тулд өдөрт дунджаар 400 гаруй кг махыг яснаас нь шулж бэлэн болгодог гэж байна.

    Тэдний хажуу талын өрөөнд нэгтгэлийн ээлжийн тогооч Ч.Чулуунцэцэг, бэлтгэгч Ө.Энхнасан нар гурил зуурч элдэж, хэрчих бол гадаа чиргүүлтэй халуун тогоонд Т.Гэрэлсайхан гоймонтой шөл хийж байхтай таарав. Ч.Чулуунцэцэг нэгтгэлд данстай болоод 17 жил болж байгаа, халуун дотно дулаахан мэдрэмжийг хамт олноосоо авдаг гэдгээ хуучилж, өнөөдөр 12 кг гурил зуурч, элдэж бэлэн болгосноо сонирхуулна лээ. Хээрийн хоол амттай гэдэгчлэн чиргүүл дээр хийсэн хоол илүү амттай болдог, хийсэн хоолыг минь амтархан идэж байгааг хараад л өдөр, шөнөгүй ажилласан бүх ачааллаа мартчихдаг, олны хүч оломгүй далай гэгчээр бидний ажил хэзээд сайхан бүтдэг дээ гэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107