Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй хугацаат цэргийн алба хаагчдад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Цэрэг би чамд хайртай” урлагийн тоглолтыг өргөн барилаа. Тоглолтыг О.Ууганбаярын дэглэлт, М.Бирваагийн хөгжим “Их хүндэтгэл” бүжгээр эхлүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, “Сүрдмээр, бахархмаар, омогшмоор” үзүүлбэр байна хэмээн дуу хадаацгаав.
Чуулгынхны бэлтгэсэн дуу, бүжиг бүрт түрүүч, байлдагч нар алга нижигнүүлэн ташиж, тэдний хамгийн үнэнч үзэгч, дэмжигчид гэдгээ уухай, алга ташилтаар илэрхийлж байсан нь энэ үйл явдлын чимэг нь байлаа. Тоглолтоо хээрийн сургуульд гарсан дайчдыг сэтгэлийг бадрааж, омогшил төрүүлэх цэрэг, эх орны сэдэвт шилдэг бүтээлээс гадна хөдөө аж байдал, цэргийн нөхөрлөл, аав ээж, хайрын тухай дуу багтаасан нь ч чуулганыхны мэдрэмж гэлтэй. Тоглолтын төгсгөлийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байлдагч үзэгчдийн суудлаас ая дууны мэндчилгээ дэвшүүлж, авьяаслаг бүжигчид алдарт “Цэрэг бүжгийн чуулбар”-аар хаалтаа хийсэн нь ч тун донжтой байв.
ЦДБЭЧ-ын уран бүтээлчдэд Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн удирдагч, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр “Цэрэг хаана байна, тэнд дуулж бүжиглэж, урлагаар дамжуулан эх оронч үзлийг түгээгч та бүхэндээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийллээ.