• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

9А-ГИЙН Б.ГАНХҮҮ, 9Б-ГИЙН Б.САРАНГУА
Нийтэлсэн: 2025-04-04 11:09:39
Үзсэн: 276

9А-ГИЙН Б.ГАНХҮҮ, 9Б-ГИЙН Б.САРАНГУА
Нийтэлсэн: 2025-04-04 11:09:39 Үзсэн: 276



   Эрэлчин хүн хайж бэдэрснээ олоод хэрхэн баярладгийг элсэн цөлд баян бүрдтэй таарах, элчилгүй алсаас гэнэт сураг дуулах, удтал хүлээсэн нэгэн ургах мэт өмнө гарч ирэх, ухаанаа ширгээн бодсоныхоо хариуг унтах нойрондоо олох зэрэгтэй зүйрлэж болох... Ингэхээр сэтгүүлчид бид мөнхийн эрэлчид гэлтэй. Монголын зүүн хязгаар нутгаар зорчсон бидний тэмдэглэл үргэлжилсээр...

   Тийн явахдаа нэгэн “олз” олсон нь мөрдэст хосынд өнжиж, уншигч танаа танилцуулах завшаан тохиосных билээ. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тагнуулын албаны дарга хошууч Б.Ганхүү болон Мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний нярав, жолооч ахлагч Б.Сарангуа нарын хүүхдүүдийн инээд хөөр ундарсан, ханийн хайр, халамж халгисан, ажил үйлс, спортын амжилт цалгисан гал голомтод зочлох таатай байлаа.

   Хөдөө орон нутагт байрлах Зэвсэгт хүчний ангийн эгэл жирийн нэгэн алба хаагч хэт холын марафон гүйлтийн Монгол Улсын хоёрын хоёр дээд амжилтыг эзэмшигч төдийгүй олон улсын маш олон тэмцээн уралдааныг тэргүүлэгч байхыг сонсоод эрхгүй нэг уран бүтээлийн богцондоо багтаах “олз” хэмээн бодсон нь тэр ээ.

   Хаалгаар ормогц “Гараа өргө” гээд буу шагайсан гурван настан Г.Хүслэн хүүгийн шалгуурыг давж, “Шалган”-аар нэвтэрсэн манай сурвалжлах багийнхан гэрийн эзэдтэй анх нүүр тулж байгаа ч эртний танилууд мэт дотнохон уулзалдлаа. “Цэргийн хүний хүүхэд гэсэндээ...” гээд л инээдэм болж хөөрөлдлөө. Хүүхэд буй газраа ийнхүү үргэлж халуун дулаан эрч энерги түгээдэг билээ.

   Яг арван жилийн өмнө БНӨСУ-д НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжид үүргээ амжилттай гүйцэтгэхдээ өрхийн тэргүүн амьдралынхаа нэгэн чухал асуудлыг шийдэх үндэс суурийг тавиад ирсэн нь албан тушаалын байрнаасаа гарч, “Талын шилтгээн” хотхонд гурван өрөө байр авч өөрийн гэсэн гал голомтоо бадраасан явдал байлаа. Ажиллагааны мөнгөөрөө урьдчилгаа хийж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаад өнөөг хүртэл зээлээ төлж байгаа ч өөрийн гал голомт, орон гэр гэдэг сайхан даа. Өнөөдөр тэд “Шинэ байрандаа ганц хөргөгч, ганц зурагттай орж байлаа, одоо ч дутуу юмгүй л айл боллоо. Энэ чинь л гэр бүлийн аз жаргал шүү дээ” хэмээн сэтгэл хангалуун хөөрөлдөж сууна. Шинэ байрандаа анхлан хөл тавиад хамгийн их хөөрч, алга ташин дэвхцэж байсан бяцхан охид өсөж торнихын зэрэгцээ аав ээж, эгч нарынхаа хүслээр төрсөн Хүслэн дүүгээ ч дагуулжээ. Хүүхдийн өрөө ягаахан өнгөөр донж төрхөө олж, хаа сайгүй дэрвэгэр сормуус, дэгжин даашинзтай барби хүүхэлдэй зонхилдог байсан бол өдгөө “том”, бага хоёр хүүгийн тоглодог төмөр хүлгүүд, буу зэвсгээр өвч тоноглогдсон нь амьдралын бас нэгэн өнгө гэлтэй.

   Хүн амьдралын хань болон ажил мэргэжлээ л зөв сонгочихвол бусад нь аандаа бүтэж, аз жаргал, амжилт бүтээл, алдар нэр ар араасаа цувраад хаалга тогшдог гэдэг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын унаган хүүхдүүд аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид дэвшин суралцжээ. Тийнхүү 9А-гийн Б.Ганхүү, 9Б-гийн Б.Сарангуаг шохоорхон харж явсаар зуны амралтаар харихдаа сэтгэлээ мэдэлцсэн гэдэг. 2006 оны 6 дугаар сарын 23 бол шохоорхлоо үерхэл болгож, харцаа хайраар гэрэлтүүлсэн хөвгүүний хүсэл биелсэн мартагдашгүй өдөр бол урлаг, спортод адтай сэргэлэн цовоо нэгэн охин ирээдүйгээ итгэл дүүрэн хамтдаа төсөөлөх нэгнээ олсон өдөр гэж бэлгэшээдэг. Үерхэхийг зөвшөөрсөн тэр өдрийг өнөөдөр тэд гэр бүлийн уламжлалт, тэмдэглэлт өдөр болгон нандигнасаар явна. Анхандаа хоёулхнаа болзож, армаанчигладаг байсан бол өдгөө тавуулаа аз жаргалтайгаар болздог, баярладаг өдөр болжээ.

   “Хоёулаа болзъё” гэхээр “Гурван хүүхэдтэйгээ, гурван хүүхэдтэйгээ л гээд байдаг юм” гэж нөхрөө цаашлуулаад гэргий жаргалтайгаар инээмсэглэх. Нээрээ л хот хүрээ, хээрийн сургууль, сургалт дамжаанд явах, төрсөн нутаг, төрхөм гэрээрээ очлоо ч ямагт арагшаа яарч, гэртээ ирээд, гурван хүүхэдтэйгээ тоглож суух нь жаргал шүү гэдгээ хань нөхөр нь ч биднээс нуусангүй ээ. Цэргийн хүний тушаалаар явдаг амаргүй албаны зэрэгцээ тамирчны цаг наргүй бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэл, хөлс хүчийг гадарлах хэдий ч зориуд “Гэр орноосоо хэн нь хамгийн удаан хугацаагаар хол байдаг вэ?” хэмээн асуувал гэргий “Би л юм даа” гээд бас аядуухан инээмсэглэв. Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд эхнэрээ гэрээсээ хол өнгөрөөх цаг хугацаанд хүүхдүүдээ хайр, халамжаар дутаахгүй, ар гэрийнхээ өнгө зүсийг гундаахгүй авч явах хариуцлагатай хийгээд чин сэтгэлийн угаас ундрах ажил үүрэг хань нөхөрт ноогдоно, түүнийгээ ч нүүр бардам хийж амжуулна.

    Хамгийн сүүлд Б.Сарангуа БНСУ-д зохион байгуулагдсан ”Жэжү Марафон” олон улсын тэмцээний 50 км-ын уралдаанд оролцохоор хоёр сарын хугацаанд бэлтгэлээ базаан, амжилттай оролцож, тэргүүн байр эзлээд иржээ. Тэр хугацаанд ч ганц гэрлийн чийдэнгийн асуудалтай л гэргийгээ, ээжийгээ угтжээ, тэднийхэн.

    Олон улсын хэмжээний мастер Б.Сарангуа өнгөрсөн онд үндэсний болон олон улсын 20 шахам тэмцээн уралдаанд оролцсоноос Канвонду хотын “Самчог Хун Ёон Чу Хагас Марафон” олон улсын тэмцээн, “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээн, “Бодонч марафон”, “Тал нутгийн марафон”, “Gateway” гүйлтийн тэмцээнүүдэд тэргүүн байрыг эзэлсэн төдийгүй Монголын Хөнгөн атлетикийн Мастеруудын холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн амжилтуудыг үзүүлжээ. Оролцсон тэмцээн бүрээсээ эхний гурван байрыг эзэлсэн түүний үнэмлэхүй амжилтыг үнэлж, Монголын хэт холын марафон гүйлтийн “Шилдгийн шилдэг тамирчин”, төрөлх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Оны шилдэг тамирчин” зэрэг алдар шагналыг хүртээсэн байна.

    Долоо хоногийн зургаан өдрийн шаргуу бэлтгэл сургуулилтынхаа үрээр үзүүлсэн амжилтынхаа нууцыг бат найдвартай ар тал болж, үргэлж дэмжиж, урамшуулдаг, хамтдаа дасгалжуулдаг хайртай гэр бүл, хурандаа Д.Бямба захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлага хамт олон, “Монголиан Элит раннерс” клубийн баг хамт олон, эрхэм хоёр дасгалжуулагч Б.Доржпалам, Ш.Тогтох болон ахан дүүс, найз нөхөдтэйгөө холбож, онцлон өгүүлэх Хэт холын марафон гүйлтийн 6 болон 12 цагийн рекордыг эзэмшигч олон улсын хэмжээний мастер Б.Сарангуа үнэхээр дайчин, шаргуу нэгэн бололтой. 2019 онд тогтоосон хэт холын марафон гүйлтийн 12 цагийн дээд амжилтыг нь өнөөг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байгаа ажээ. “Хэн нэгэн энэ рекордыг эвдвэл би чинь буцаагаад л авахын төлөө хичээнэ шүү дээ” гээд цагаахнаар инээмсэглэн өгүүлэх энэ бүсгүй хүүхдүүдээ ч тал бүрийн авьяастай, аливаа ажлын дөртэй, юм юмны захтай, хөрвөх чадвартай нэгэн болгон хүмүүжүүлж, төлөвшүүлэхийн тулд хүссэн сургалт, дамжаануудад нь сургахыг чухалчилдаг. Г.Бүжин, Г.Ану-Үжин охид одоо бүжиг, волейбол, сагснаас гадна англи, орос хэлний нэмэлт сургалтуудад хамрагдаж байгаа нь мэдлэг чадвараа тэлэхийн зэрэгцээ цагийн менежментэд суралцах, богино хугацаанд ихийг амжуулах чадварыг төлөвшүүлдэг давуу талтай гэнэ. Үүнд бас насаараа орос хэлний багшаар ажилласан Б.Сарангуагийн ээж, охидын эмээ ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг талаар залуус бахархан ярьж байна лээ.

   Б.Сарангуа мөн БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын “Сөүл марафон”, “Дегу марафон”-д амжилттай оролцож, 2.49.32-ын амжилтаар хөнгөн атлетикийн спортын мастерын болзол хангаад байгаа ажээ. Түүний хань “Гүйгчид бол цаг хоромтой уралддаг хүмүүс” гэсэн бол тамирчин гэргий ам өрсөн “Манай ангид мундаг тамирчид бий бий. Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн 24 цагийн рекордыг эзэмшигч олон улсын хэмжээний мастер Г.Уугантуяа эгч маань байгаа. Бид ангийнхныгаа эрүүл мэндийнхээ төлөө гүй гэж ятгаад, уриалаад, гүйх сонирхолтой хүмүүсийг идэвхжүүлээд л явна” гэсэн. Зэвсэгт хүчний жирийн нэг алба хаагчид ийм мундаг тамирчин байгаад үнэхээр бахархаж байна.

   Түүнээс гадна гурван ч удаагийн олимп, Дэлхийн аварга шалгаруулах, олон улсын болон Улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд амжилттай оролцсон, Монгол Улсын хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг дэслэгч Б.Мөнхзаяа тэр хоёр үеэлүүд бөгөөд ээжийн талын удмаа дагасан хурдан хүмүүс ажээ. Хэзээ хойно гүйж эхэлсэн ч дүүгийнхээ араас эрч хүч, урам зоригтойгоор гүйж яваа тэр энэ онд маш чухал олон тэмцээн уралдаанд орохоор өөрийгөө сойсоор байна.

   Тамирчин хүний хувьд хамгийн том асуудал нь тэмцээн уралдаанд орох зардал мөнгө байдаг бөгөөд өнөөг хүртэл гэр бүл, анги хамт олон, хамаатан садан, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээр асуудлаа шийдэж ирсэн. Одоо харин ивээн тэтгэгч хайхад нүүр бардам, ам дүүрэн хэлэх амжилт бүтээлийн жагсаалт, алсыг харсан том зорилго, хүсэл тэмүүлэл байгаа болохоор ирээдүйгээ улам л гэрэл гэгээгээр төсөөлж байна. Ёстой л дуртай юм болохоор “Болгоно доо, оролцоно доо, амжилт гаргана даа” гээд л зүтгэж явна аа.

Өрхийн тэргүүн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тагнуулын албаны дарга хошууч Б.Ганхүү өнгөрсөн оныг тун бэлгэшээж дурсах учир нь Хилийн цэргийн албанаас хошууч цолтой тэтгэвэртээ гарсан аавынхаа цолыг хүртсэн төдийгүй арав гаруй жил ажилласан ангийнхаа “Оны тэргүүний офицер”-оор шалгарсан явдал юм. “Миний бүх амжилтын ард миний хань, хөөрхөн үрс минь байдаг болохоор би урам зоригтой, итгэл төгс ажилладаг” гэсэн тэрбээр өглөөд ажил руугаа, оройд гэр лүүгээ яардаг жаргалтай хүмүүсийн нэг болох нь харагдлаа.

    Айлын том, бага хүүхдүүд гэр бүл болох нь зохицол сайтай байдаг талаар тэд ам нэгтэй хэлнэ билээ. Б.Ганхүү эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй айлын том хүү бол Б.Сарангуа хоёр ах, хоёр эгчтэй айлын бага охин. Саяхан л эрх дураараа, зөрүүд зоргоороо охин байсан ч хүний хань, хүүхдүүдийн ээж болох тусмаа ойлголцож, амьдралаас суралцаж яваагаа танхил гэргий инээмсэглэн өгүүлсэн бол “Миний хань айлын отгон гэлээ ч том нь юм шиг бүхнийг зохицуулдаг. Торгон мэдрэмжтэй” гэж хань нь энэ зуур магтаад авна билээ. Тэгэхээр нь би “Нөхрийнхөө сул болоод давуу талыг хэлээч” гэж өдвөл “Миний ханьд сул тал байхгүй ээ, ханиараа маш их бахархдаг. Сайхан эр хүн, сайн хань, сайн ааваас гадна буйр суурьтай, уян хүн шүү дээ. Бас гарын ур дүйтэй, бичгийн хэлбэр сайтай” гээд л урсгах зуур хананд өлгөсөн өрхийн тэргүүний гар хийцийн ташуур, хусуур, Африкийн улаан модон бамбай, сэлэм дээр өөрийн эрхгүй хараа бэлчлээ.

   Өөрт нь зориулж сийлж өгсөн цацлын халбагаар өдөр бүр хангай дэлхийдээ цай, сүүнийхээ дээжийг өргөдөг гэж гэргий сонирхууллаа. Энэ гэрийг ямар ч үнэтэй тавилга, тансаг эдлэлээс илүүтэй чимэх цом, медаль, өргөмжлөлүүд үнэхээр хараа булааж, сэтгэл сэргээнэ. Ямархан их хөлс хүч, итгэл найдвар, хайр халамж, хичээл зүтгэлийн үрээр энд заларсныг бага ч гэсэн мэдэрсэн болохоор тэгж санагдсан биз ээ. Түүнээс гадна нөхрийн Zippo асаагуурын цуглуулга, гэргийн цуглуулж эхэлж байгаа газар газрын онцлогийг харуулсан таваг болоод туг дарцгууд хоймор эзлэн байх нь сонирхолтой.

   Батлан хамгаалахын их сургууль болоод Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан ахуйдаа өлгийдөн авсан том охин нь цэргийн хүн болохоор хүсэл мөрөөдлөө хуваалцсан нь ялангуяа аавынхаа сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Гурав дахь үеийн мөрдэстэн бүсгүй болоод аав ээждээ ирж ёслох баярт өдрийг сэтгэлдээ хэдий нь ээ зураглаад эхэлчхэж, мөр зохь... Мөрөөдөл биелдэг дээ.

   Ажил амьдралын гараагаа эхэлсэн төрөлх ангидаа тэд хайртай гэж... Ангийнхаа, Зэвсэгт хүчнийхээ, цаашлаад Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд, олимпын тэнгэрт цуурайтуулах эрхэм нэгэн хүсэл сэтгэл зүрхэнд уяатай. Нийслэл хотоос дасгалжуулагч багшаасаа цахимаар төлөвлөгөө, зөвлөгөө авч, өөрийгөө сойж, бор зүрхээрээ тэмцээн уралдаанд явж, амжилт үзүүлж байгаа тамирчин ахлагч бүсгүйг өнөөдөр хань, хүүхдүүд нь “дасгалжуулж”, анги хамт олон нь урмын үгсээр тэжээж байна. Үнэхээр л дуртай болохоор тэр тасралтгүй гүйж, тууштай болохоор тэр гуравхан сартай хүүдээ яаран гүйсээр барианд орж байсан.

   Салааны захирагчаас штабын офицер, ажиллагааны офицер болон дэвшиж өдгөө Тагнуулын албаны даргаар ажиллаж яваа ажилч хичээнгүй хошууч нөхөр нь дотоодын академид суралцахаар зорьж байгаа бөгөөд тэгж гэмээ нь тамирчин бүсгүй ч дасгалжуулагчтайгаа, мэргэжлийн тамирчидтайгаа хамт бэлтгэл сургуулилтаа базаах, хамтдаа тэмцээн уралдаанд оролцох боломж цэлийтэл нээгдэх нь дамжиггүй.

Тулах цэг өгвөл дэлхийг эргүүлэх нэгэн учрал байдаг сан.

Түмний дундаас алмааз мэт ховорхон нэгнийг хайж олох, сэтгэлээс гарсан хөг сэтгэлд хүрдгийн үлгэрээр зүрхний чанад дахь нандин хөгийг эгшиглүүлж, хэлний яруу, үгийн урнаар зураглах нь бидний хөдөлмөрийн хамгийн чухал хэсэг билээ. Уран бүтээлийн аяны богцноосоо тийм нэгэн хөгийг ийнхүү тантай хуваалцлаа.

Эх сурвалж: "СОЕМБО" сонин Д.ГҮНЖИЛМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107