• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэслэгч Б.Золбоо: ЗАМ ДАГУУ ТААРСАН МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД ГҮЙГЧДЭД МААНЬ АЛГА ТАШСААР ҮЛДДЭГ
Нийтэлсэн: 2025-04-15 14:14:51
Үзсэн: 158

Дэслэгч Б.Золбоо: ЗАМ ДАГУУ ТААРСАН МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД ГҮЙГЧДЭД МААНЬ АЛГА ТАШСААР ҮЛДДЭГ
Нийтэлсэн: 2025-04-15 14:14:51 Үзсэн: 158



   Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Алтай таван Богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 12 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар 14 дэх өдрөө Ховд аймгийн Дарви суманд ирлээ.

   Гүйгчдэд дэмжлэг үзүүлэх бүлэгт эмчээр үүрэг гүйцэтгэж буй дэслэгч Б.Золбоотой (123) холбогдож, зарим мэдээллийг тодрууллаа. Тэрээр 2021 онд ахлах ахлагч Э.Даваажамцыг эх орныхоо баруун хязгаар зүүн хязгаар хүртэлх 2146 км замыг туулахад нь эмчээр үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай алба хаагч юм.

-“Таван цэг” багийнхан хаана гүйж байна, мэдээлэл өгөхгүй юу?

    -Яг одоо бид нар Ховд аймгийн Дарви суманд байна. Гүйлтээ эхлүүлснээс хойших 14 хоногийн хугацаанд 540 км замыг туулаад байна. Үдээс хойших гүйлтээр 20 км гэхээр нийт 560 км гэж дүгнэж болно. Гүйж байгаа алба хаагчдын биеийн байдал сайн байгаа. Баян-Өлгий аймгаас Ховд аймаг хүртэлх зам даваа гүвээ их, уруудах, өгсөх зам олон, чулуулаг голдуу замтай байсан нь амаргүй байсан. Гэхдээ манай гүйгчид ажрахгүй туулсан. Одоо харин Ховд аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлийн зам тал хээр голдуу учир хүндрэл харьцангуй бага байна гэдэгт итгэж байна. Өглөө, оройны гүйлтийн дараа гар хөлийг нь барьж, булчин суллах, шаардлагатай амин дэмтэй дусал тариа хийх гээд эрүүл мэндийн тусламж дэмжлэгийг тасралтгүй үзүүлж байгааг дурдах ёстой.

-Хоноглолтыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

   -Баян-Өлгий аймгаас Ховд аймаг хүртэлх авто зам дагуу төв суурин газрууд харьцангуй элбэг байлаа. Сумын төв, багийн төв, дунд сургуулийн дотуур байр, малчин айл өрхүүд, өвөлжөө гээд олон газраар хоноглолтыг зохион байгуулж байна. Хээр талд майхнаа барьж байхыг харсан малчид “Манайд хоноод яв” хэмээн урьж байгаад талархаж байна. Одоо харин Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Алтай хот хүртэлх 200 орчим км зайд төв суурин газрууд харьцангуй цөөн. Тэгэхээр хээр талд голдуу хоноглолтыг зохион байгуулах болов уу. Мэдээж тусч сайхан сэтгэлтэй малчид уривал бид татгалзахгүй.

-Орон нутгийн иргэд, тэр дундаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, тээвэрчид малчид их сайхан угтаж авч байна гэсэн. Энэ тухайд?

    -Тэгэлгүй яах вэ. Баян-Өлгий, Ховд аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагынхандаа маш их талархаж байна. Дөнгөж сая гэхэд зам дагуу таарсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбарын залуус биднийг хараад “Мөрдэстэй алба хаагчийн тэсвэр хатуужлыг өөрсдөөрөө харуулж байгаад талархаж байна” гээд амжилт хүссэн. Мөн Ховд аймгийн Дарви суманд “Сутай” зочид буудлыг ажиллуулдаг Г.Сайнбилэг эгч “Нэг өдөр ч гэсэн нуруугаа амрааж, тухтай газар хоноод яв” гээд биднийг зочид буудалдаа хонууллаа. Г.Сайнбилэг эгч 2021 онд гүйхэд ч гэсэн энэ сайхан халуун сэтгэлээрээ тусалсан бүсгүй юм. Нэг зүйлийг дурдахад энэ үеэр тус зочид буудлаар үйлчлүүлж байсан Өвөрмонголын аялагч гүйгчдэд маань 500 мянган төгрөгийг бэлэг өгч, бахархаж байна гэсэн.

   Гүйх явцад тээвэрчид, малчид дэд ахлагч Б.Буянхишигт онцгойлон баяр хүргэж, эмэгтэй цэргийн алба хаагчид хаврын хавсарга өдрүүдэд тэсвэр хатуужлаараа шалгарч байгааг харахад үнэхээр гайхалтай байна гэдгээ ч илэрхийлж байна.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107