Түүнийг Лхасүрэнгийн Пүрэвбаяр гэдэг, зав чөлөөгүй зүтгэж яваа Зэвсэгт хүчний мянга мянган ажилтан албан хаагчдын нэг. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Хангалт үйлчилгээний тасагт талбайн үйлчилгээний ажилтнаар орсноос хойш 4 дэх хавартайгаа золгож байгаа эр. Өглөө бүр командлалын гадна талбайд яг л энэ зураг дээрх шигээ инээмсэглэсээр угтана. Өвөлдөө цас цэвэрлэж, намартаа хашааны булан тохиод хийсэж ирсэн шаргал навчсыг түүж, зундаа зүлэг мод, цэцэгсийг усалсаар явах дүр зураг зөвхөн түүнийх. Л.Пүрэвбаяр ах Зэвсэгт хүчний эгнээнд нэгдсэнээрээ “он залуу” ч төр засагт үйлчилгээний албанд ажилласан туршлага арвин.
1995 онд хуучнаар Ардын армийн 210 дугаар анги буюу одоогийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж, оёдлын үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчин, худаг усанд өрмийн мастер, Хөшигтийн хөндий Төв аймгийн районд сүндэрлэн баригдахад гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байна. Түүний гэргий С.Дэлгэрсайхан үйлэнд уран оёдолчин бол том хүү ахлах дэслэгч П.Төгсбилэгт Төв аймгийн Цагдаагийн газарт экологийн албанд ахлах байцаагч, дунд хүү дэд ахлагч П.Галмандах Төв аймгийн Архуст сумын цагдаа, бага хүү П.Тулга Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ажээ.
“Л.Пүрэвбаяр ах аа таны баримталдаг чанар” гэсэн асуултад “Бусадтай эвтэй явахыг л хичээдэг дээ. Хүнтэй эв түнжинтэй, нөхөрсөг байхад ажил аяндаа бүтдэг. Хэнтэй ч ялгаж харилцах дургүй” гээд цэргийн хүмүүсийн бусдыг хүндэлж харилцдаг чанараар нь бахархдаг гэж байна. Тэр бас хамтран зүтгэгч нөхөд болох талбайн үйлчилгээний ажилтан, цахилгаанчин, мужаан Д.Ган-Очир, н.Баттулга, Ш.Лхагвашарав, Ж.Анхбаяр, Б.Батдаваа, Б.Амартүвшин нарт баярлаж явдгаа дурсаж, гар нийлэмжтэй төлөв төвшин эрчүүд хэмээн тодотгоно лээ. Командлалын байр харьцангуй шинэ учраас эвдрэл гэмтэл бага, зундаа зүлэг ногоог усалж арчлахдаа дуртай, нүдэн дээр ургаад урамтай байдаг гэж байна. Ахмад Ц.Болдсайхан даргатай Экологийн албаны мэргэжлийн залуусын дэмжлэгээр байгууллагынхаа өнгө зүсийг тордож, эргэн тойронд нь зүлэг ногоо арчилж ургуулах ажил алба минь урагштай байдаг хэмээн ярилцлагынхаа төгсгөлд өгүүлж байлаа.