“Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-тэй уялдуулан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албанаас бүрэлдэхүүний гэр бүлийн зөвлөлтэй хамтран “Бүх хайрыг гэр бүлдээ” сэдэвт нөлөөллийн аян, сургалтыг зохион байгууллаа. Хувь хүний хөгжлийн багш О.Нямсүрэн бие бүрэлдэхүүнд гэр бүлийн үнэ цэн, үнэнч харилцаа, итгэх, урамшуулах чадвар зэрэг олон агуулгаар мэдээлэл өгч, эерэг дулаан уур амьсгал үр хүүхдүүдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдгийг ярилаа.
Тэрээр гэр бүл бат бөх байх нь хүүхдэд аюулгүй мэдрэмж өгөхөөс гадна гэр бүлээсээ хайр мэдрэхэд нь тусалж, сэтгэл зүйн хувьд тогтвортой, аливаа асуудлыг даван туулах чадвартай нэгэн болоход тусалдаг. Түүнчлэн гэр бүлийн харилцаа эерэг байх нь хүүхдийн өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдалд нөлөөлөөд зогсохгүй харилцааны чадвартай, амжилттай байхад хөшүүрэг болно. Гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох олон арга бий. Үүний нэг нь гэр бүлийн хүрээнд нээлттэй харилцааг бий болгох явдал юм. Ингэснээр гишүүд санал бодол, гомдол, баяр баясгалан гэх мэт мэдрэмжээ ойр дотнын хүмүүстээ илэрхийлж, зөрчилдөөнийг хамтдаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Өөр нэг арга бол гэр бүлийн бүх гишүүнийхээ амжилтыг урамшуулах. Энэ нь гэр бүл доторх бахархал, эв нэгдлийг батжуулна. Эцэст нь нас, албан тушаалаас үл хамааран гэр бүлийн гишүүн бүрийг хүндэтгэх нь чухал юм. Мэдээж хүндэтгэл байгаа газар халуун дулаан уур амьсгал, бат бөх харилцаа бас хайр байх юм шүү” гэлээ.
Хошууч Ц.ЭРДМИЙНТУЯА