Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газартай хамтран Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хуулийн офицер болон хүний нөөцийн офицер, бусад холбогдох албан тушаалтнуудад хөдөлмөрийн харилцааг зохицуулахтай холбоотой сургалтыг 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав. Төрийн албаны зөвлөлийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх салбар зөвлөлийн цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн тус алба хаагчдад мэргэжлийн байгууллагуудын сургалтыг зохион байгуулж буй нь энэ юм.
Сургалтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Баасандорж, Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Оюундэлгэр, тус газрын улсын ахлах байцаагч Ж.Оюунцэцэг нар хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын дэмжлэг зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээлэл өгч, ажил алба эрхлэх явцад тулгарч буй түгээмэл бэрхшээлүүдийн талаар санал солилцлоо.
Улсын ахлах байцаагч Д.Баасандорж “Хүний нөөц гэдэг тухайн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй бөгөөд тогтвортой явуулах гол хүч нь. Тэр ч утгаараа та бүхэн хариуцлагатай ажил алба эрхэлж буйгаараа бахархах эрхтэй. Хүний нөөц, хуулийн ажилтнууд тухайн байгууллагын хөдөлмөрийн харилцааг хууль, дүрэм, журмын хүрээнд явуулж, түүнийг дагаад нийгэм хамгаалал, аюулгүй байдлыг нь хангахад чухал үүрэгтэй. Хамгийн наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх шат танай байгууллагад байна уу гэдгийг хар. Хэдий эрүүл мэнд, бие бялдрын хувьд өв тэгш алба хаагчид ажилладаг цэргийн салбар ч гэсэн хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж дэмжлэг үзүүлэгч байх ёстой. Хуурай замын цэргийн командлал өөрөө энэ талд онцгой анхаардаг нь өглөө хаалгаар орж ирэхэд л мэдрэгдсэн нь сайшаалтай. Стандартад нийцсэн налуу шатнаас эхлээд бусад төрийн цэргийнхэндээ үлгэрлэл болох байгууллага байна” хэмээгээд энгийн ажилтан алба хаагчдыг хэрхэн сонгон шалгаруулж, үр бүтээмжтэй ажилтан болгож бэлтгэх талаар мэдээлэл солилцов.
Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Оюундэлгэр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх талд хамтран ажиллах боломжтой талаар дурдаж, бид төрийн үйлчилгээг хуулийн дагуу, иргэдэд ээлтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хүргэхийг зорин ажилладаг гэв. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хэрэгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсронгуй болгоход тогтвортой ажлын байр хамгийн чухал болохыг ч дурдлаа.
Мөн тэрээр ажил хайгч, олгогч нарт зориулж бүтээгдсэн "Ejob" цахим хуудсыг танилцуулж, 25-аас дээш насны ажилгүй иргэн, малчин, мод тарих хүсэлтэй иргэнд олгогддог зээлийн талаар мэдээлэл хүргэж, хугацаат цэргийн алба хаагчдыг халагдсаны дараагаар нь ажилд зуучлах төслийг Зэвсэгт хүчнийхэн манлайлан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байсан юм.