Хонконгод 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн III түвшний "Hong Kong International Action Air Handgun Championship 2025” олон улсын тэмцээнд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн радиотелеграфчин ахлагч Баасансүрэнгийн Мөнгөнхэрлэн тавдугаар байр эзэлжээ.
Энэ бол Зэвсэгт хүчний түүхэнд олон улсын тэмцээнд практик буудлагын спортоор оролцож, тэгээд бүр чамламгүй амжилт үзүүлсэн онцгой үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэж байна. Ахлагч Б.Мөнгөнхэрлэнтэй тэмцээнийх нь талаар ярилцлаа.
-Тэмцээний талаар мэдээлэл хүргэхгүй юу, Монгол Улсаас хэдүүлээ оролцов?
-Монгол Улс, БНХАУ, Их Британи, БНСУ, Хонконг, Тайван, Тайланд, Макао, Филиппин зэрэг орны 342 тамирчин практик буудлагын спортоор өрсөлдлөө. Монгол Улсаас 16 тамирчин оролцсноос Зэвсэгт хүчнээс би ганцаараа. Тэмцээнд манай туршлагатай тамирчид алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн бахдам амжилтийг үзүүллээ. Миний хувьд классик ангиллын 20 гаруй тамирчинтай өрсөлдөөд эмэгтэйчүүдийн дүнгээр эхний тавд шалгарсан амжилттай.
-Зэвсэгт хүчний алба хаагчдаас буудлагын спортоор тив дэлхийд өрсөлдсөн түүх харьцангуй цөөхөн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэд хурандаа О.Гүндэгмаа мэргэжлийн тамирчнаас өөр?
-Баярлалаа, тусгай байр минь надад том урам зориг, эрч хүч өглөө. Цаашдаа практик буудлагаараа дагнан хичээллэх болно. Тэмцээнд оролцохоос ердөө 3-хан сарын өмнө хичээллэж үзье гэдэг шийдвэрийг гаргаж, бэлтгэлдээ орсон. Хэдий Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнд практик буудлагын спорт буюу IPSC Action Air Handgun төрөл байхгүй ч бидний гар бууны буудлага төрөлтэй төстэй. Буу, сум нь л өөр болохоос биш тактик, шаардлагууд нь адилхан. Тэр утгаараа зориглоод бэлтгээд орсон нь тэр. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард “Prime” практик буудлагын клубийнхээ дотоод тэмцээнээс хүрэл медаль хүртсэндээ урамшсан.
-Та 2023 онд гар бууны төрөлдөө Зэвсэгт хүчний аваргаар шалгарч, мөн тэр жилдээ мэргэн буудагчийн дамжаанд суралцаж төгссөн анхны эмэгтэй цэргийн алба хаагчийн нэг гэж сонссон?
-Тийм ээ, Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлагад гар бууны төрлөөр алтан медаль хүртсэн. Анхны алтан медаль минь буудлагын спортоор эргэж буцалтгүй хичээллэх ташуур нь байсан гэхэд болно. Тэр жилдээ рэйнжер хурандаа С.Түвшинбаярын зохион байгуулсан мэргэн буудагчийн дамжаанд сорилгүйгээр шалгаран суралцаж төгссөн хоёр эмэгтэй алба хаагчийн нэг болж чадсан. Түүнээс хойш уралдаан тэмцээнд төдийлөн оролцож чадалгүй явсаар 2025 оны 02 дугаар сараас бэлтгэлээ эхлүүлсэн. Учир нь 2023-2024 онд БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн юм. Бэлтгэлээ эхлүүлснээс хойш “Монгол цэргийн өдөр”-өөр Дорнод аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд болсон буудлагын тэмцээнд алтан медаль хүртсэн.
-Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Монгол Улсын шилдэг марафончид бас буудлагын сайн тамирчид олон бий. Бэлтгэл сургалтаа хэрхэн хангаж байна вэ?
-Ангийн удирдлагууд спортоор хичээллэдэг алба хаагчдаа бүх талаар дэмждэг. Зөвхөн буудлага, марафон гэлтгүй өөр олон төрөлд шилдэг тамирчид бий. Туухай өргөлтөөс эхлээд л. Удахгүй Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, саадын зурвас, цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлт тэмцээн эхэлнэ. Мэдээж анги хамт олноороо бэлтгэлээ хангана, миний хувьд 2023 оны аваргаа батлахын төлөө хичээх болно.
Ахмад Д.БОЛОР