Хүүхэд багачуудыг сургуулийн босго алхаж А үсэг үзэх үеэс эхлэн цэрэг-эх оронч хүмүүжлээр боловсрол олгох ёстой гэдэгт Төв аймгийн Алтанбулаг сумынхан нэгджээ. Сум орон нутагт нь байрладаг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхны сайн нөлөөлөл, үлгэрлэл тэднийг цэрэгт элэгтэй, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийн талаар цэргийнхнээс илүү ярьдаг, онцолдог болгосон гэмээр. Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салаа 2022, 2024 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд аваргалж, 4 удаа алтан медаль хүртэхэд нь сум орон нутгийнхан Засаг даргаасаа цэцэрлэгийн бяцхан хүү хүртлээ баярлаж, угталтын хаалганыхаа өмнө хадаг сүү болсоор угтсан нь цахим хуудаст түгж байсан даа. Сумын наадам шиг.
Химичин дайчдаараа үнэн сэтгэлээсээ бахархаж, хэрэгтэй цагт нь дэмжлэг үзүүлсээр ирсэн Алтанбулаг сумынхан энэ удаа дээр дурдсанчлан Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр боловсрол олгох тогтолцоог нэвтрүүлэхээр ажлын хэсэг байгуулж, судалгаа шинжилгээний ажил өрнүүлж эхэлжээ. Химичин дайчдынхаа тухай сурвалжилга бэлтгэхээр Алтанбулагт “саатах” үедээ ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан сургуулийнх нь захирлын өрөөнд болж байхтай таарав.
Сургуулийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Зэвсэгт хүчний 119 дүгээр ангитайгаа бид нягт хамтран ажилладаг. Гал ус, гамшиг осол гарвал тэд маань л бидэнд тусална. Тэр олон мянган дайчдын дунд болсон тэмцээн уралдаанд тэргүүлж бас биднийг баярлуулна. Өнгөрсөн жил химичин дайчид маань сургуульд “Дайчин алдрын булан”-г тохижуулан байгуулахад нь бид дуртайяа дэмжсэн. Энэ удаа бидний хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ төсөл Монгол Улсын хойшид маш их хэрэгтэй. Сумын Засаг дарга, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Дүнжингарав нар санаачилсан.
Бидний гол зорилго нэгдүгээр ангиас нь эхлэн цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх. Мэдээж нас насны онцлогт нь тааруулж, өөр өөр хэлбэрээр хичээлийн хөтөлбөрт нь суулгана, үүний тулд ч манай ажлын хэсгийнхэн ҮБХИС-аас эхлээд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмж авч, судалгаа шинжилгээ хийж байна. Бага ангийн сурагчдыг үе шаттайгаар хамруулж, дунд болон ахлах ангийн сурагчдад тусгай хөтөлбөрөөр хамруулахаар төлөвлөж байна. Ер нь орчин үеийн хүүхэд залуусыг цэрэг-эх оронч үзлээр заавал цэнэглэх ёстой. Даяаршиж байгаа нийгмийг дагаад эх орны үнэ цэнийг мэдэхгүй байх нь асар хортой” хэмээн хуучиллаа.
Тэрээр энэ л нутагт төрж, энэхүү дунд сургуулиа дүүргэж, 4 жилийн дараа багш болж ирээд шатлан дэвшиж ажилласаар захирлаар томилогдсон нэгэн ажээ. 29 жилийг боловсролын салбарт зориулсан тэрээр цэрэг-эх оронч үзлийг сургалтын хөтөлбөрт оруулах том зорилгыг ийнхүү өвөртөлсөн байв.
Ажлын хэсгийн өөр нэгэн онцлох гишүүн бэлтгэлд байгаа дэд хурандаа Чулуунбаатарын Энхтөр. Тэрээр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ахмадын хорооны дарга бөгөөд Зэвсэгт хүчинд 34 жил алба хаасан офицер. Бэлтгэлд байгаа дэд хурандаа Ч.Энхтөр хөтөлбөрийг бодит байдалд нийцсэн, хүртээмжтэй байлгахын тулд мэргэжлийн байгууллагын олон хүмүүсийг урьж уулзаж, ярилцаж байна. Хэрэв энэ хөтөлбөр маш сайн боловсруулагдаж чадвал цаашдаа Монгол Улсын Ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой” хэмээгээд орчин үеийн хүүхэд багачууд цахим соёлд хэт автаж байгаад сэтгэл зовж буйгаа уламжиллаа. Үүнийг засаж залруулах хамгийн оновчтой арга нь цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох гарц гэж тайлбарлаад олон улсын байдал, бүс нутгийн байлдааны ажиллагаа гээд амаргүй цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэрч, цэрэг-эх оронч үзлийг түгээхэд бүх төвшиндөө анхаарач байгаа нь зүйтэй гэлээ.