Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Англи хэлний олимпиад-2025” хоёр өдрийн туршид амжилттай явагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн олимпиадыг ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ҮБХИС, ХХЕГ-ын Гадаад хэлний сургалтын төвд суралцаж байгаа офицер, ахлагчийн дунд зохион байгуулж, нэгнээсээ суралцаж, илүү сайн суралцах хүсэл эрмэлзлэлийг нь нэмэгдүүлэхэд чиглэснээрээ онцлог байв.
Оролцогч нар англи хэл дээрх илтгэлээ бүтээлчээр бэлтгэсэн байх бөгөөд “Цэргийн нисэх хүчин-100 жил”, “Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд”, “Галт зэвсэглэлийн аюулгүй байдал” гээд ажил, мэргэжлийн тухай байхаас гадна “Инээмсэглэлийн хүч”, “Сэтгэл зүйн эмч бол тайван байх”, “Хөгжмийг сонсохын учир”, “Сошиалыг зохистой хэрэглэж, амьд харилцааг эрхэмлээрэй”, “Наурызын баярын талаар юу мэдэх вэ” гээд хувь хүний хөгжил, танин мэдэхүйн сэдэвтэй байлаа.
Илтгэлийн үеэр Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр олимпиадын оролцогч нарт “Англи хэл сураад ир” хэмээн томилоод илгээсэн анги байгууллагынхаа итгэлийг зүтгэлээр хариулаарай хэмээн захиж байсан юм.
Англи хэл суралцагчдын том сорилго болсон энэхүү олимпиадын эхний дөрвөн байрт ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн суралцагч нар шалгарсан ба тэргүүн байрт ахлах дэслэгч Г.Насантөгөлдөр, дэд байрт ахлах дэслэгч У.Өсөхбаяр, гутгаар байрт хошууч Б.Энхмагнай нар шалгарч, цом өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав. Дөрөвдүгээр байрт мөн тус төвийн суралцагч дэслэгч Т.Амаржаргал, тавдугаар байрт ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн суралцагч ахлах ахлагч Б.Төмөрбаатар, шилдэг илтгэгчээр ХЗЦК-ын Гадаад хэлний сургалтын төвийн суралцагч ахлах дэслэгч Р.Билэг нар шалгарч, цугласан нөхдөөсөө халуун алга ташилт хүртэв.
Олимпиадын аваргуудын шагналыг Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, ХЗЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат, Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх нарын албаныхан гардуулан өгсөн юм.
Тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр олимпиадад өндөр ач холбогдол өгч оролцсон офицер, ахлагч нарт баяр хүргээд Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНЭУ-ын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд суралцагч нарын англи хэл сурах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дадлагын багш нар болох Энэтхэг Улсын офицеруудад талархал илэрхийллээ.
Ахмад Д.БОЛОР