Жил бүрийн 5 дугаар сарын 14-ний өдөр тохиодог “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас ерөнхий цэргийн офицер, ахлагч нарын дунд ажил мэргэжлээрээ бахархах, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит “Тактикийн олимпиад-2025” тэмцээнийг “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ-тай хамтран, “Практик буудлага-2025” анхдугаар тэмцээнийг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалтай хамтран тус тус зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Тактикийн олимпиад-2025” тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Нэгдүгээр шатыг нэгтгэл, ангиуд дотооддоо, хоёрдугаар шат 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Хуурай замын цэргийн командлалд явагдана. Офицеруудын онолын мэдлэг болон дадлага, ур чадварыг сорьсон энэхүү тэмцээнд оролцогчид орчин үеийн дайн, байлдааны ажиллагааны туршлага сургамжийг бие даан судалсан байхаар тэмцээний удирдамжид заагджээ.
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалтай хамтран зохион байгуулах “Практик буудлага-2025” анхдугаар тэмцээн 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Төв аймаг дахь Практик буудлагын талбайд болно. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн 05 дугаар сарын 02-ны өдөр ХЗЦК-д зохион байгуулагдахаар товлогджээ.