• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИХЭР ХУВЬ ЗАЯАТАЙ ДАЙЧДАА ОНЦЛОХУЙД ...
Нийтэлсэн: 2025-05-01 11:42:05
Үзсэн: 237

ИХЭР ХУВЬ ЗАЯАТАЙ ДАЙЧДАА ОНЦЛОХУЙД ...
Нийтэлсэн: 2025-05-01 11:42:05 Үзсэн: 237



     Өнөөдөр “Олон улсын ихрүүдийн өдөр” тохиож байна. Хорвоод хосоороо ирсэн ховорхон заяаны эздийн баярын энэ өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 327, 336 дугаар ангиудын зарим ихэр залуусыг онцолж байна. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан бусад нэгтгэл, ангийг бодвол цөөнгүй ихэртэй ажээ. 2024 оны хоёрдугаар ээлжээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас тус ангид хугацаат цэргийн алба хааж байгаа ахлах байлдагч Ц.Төрбат, байлдагч Ц.Түвшинбат нар тэдний нэг. Тэд царай төрх, бие хаа, нүүрний баясгалангаараа тун чиг төстэй. Ялгаатай ганц тал нь байлдагч Ц.Түвшинбатын эрүү дээрх мэнгэ нь.

    Ихрүүд хуучлахдаа “Цэргийн албанд их зүйл сурч байна. Цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна хувь хүний хөгжил, амьдралд хэрэгцээтэй зүйлсийг зааж, сургадаг юм байна. Наад зах нь хүнээс үг сонсох чадвар, гүйцэтгэх чадвар гээд нэрлэж болно. Бид хоёр өөрсдийгөө цэрэгт ирэхээс өмнөх ихэр, дараах ихэр гээд асар их ялгаа гарсан гэж боддог” гэлээ. Анх цэргийн зарлан ирэхэд нь нэг нь үлдээд гэрийнхэндээ тусалъя хэмээн хоорондоо ярилцсан ч ээж нь “Хоёр хүү минь ханиндаа яв. Нэгнээ санана, та хоёр. Цуг байхдаа мэдрэхгүй байгаа ч элгээрээ мэдэрнэ. Тэгээд ч цэргийн албаар дамжсан хүн эр хүн болж төлөвшдөг юм” гээд цугтаа цэргийн албанд нь мордуулсан энэ гэнэ. Албандаа ирээд тус тусдаа онжавуудтай, нөхөрлөлийн хүрээ их өргөн болсон гэцгээж байна.

   “Талын чоно”-ын өөр нэг ихэр нь Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны Соёлын төвийн техникч дэд ахлагч Б.Шинэцэцэг. Түүний ихэр Б.Шинэтуяа Монголын төмөр замд олон улсын протник хийдэг байна. Ихэр бүсгүйчүүд 10 хүүхэдтэй айлын бага бөгөөд дээрээ мөн л ихэр ахтай. 10 хүүхдийнх нь 5 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй энэ айлаас цэргийн тангараг дор 4 хүүхэд нь ажиллаж амьдарч яваа гэнэ. Аав ижий нь насаараа хил дагаж амьдарсан хилчид бөгөөд дунд хүү хурандаа Б.Гантөгс нь өдгөө Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчаар ажилладаг байна.

   Дэд ахлагч Б.Шинэцэцэгийн хувьд хөнгөн атлетикийн спортын мастер цолтой, ямар ч дууг сайхан дуулчихдагаараа цэргийн хүрээндээ танигдаж яваа бүсгүй. Хамгийн сүүлд алдарт “Толин хул”-ыг дуулж, интернэт орчинд “Цэргийн ангид нуугдсан авьяастан байна” хэмээх сэтгэгдлүүдэд “булуулсан” байлаа.

   Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдаас байлдагч Б.Ихэрбаяр мөн л ихрүүдийн нэг. Тэрээр Орхон аймгийнх, түүний ихэр Б.Ихэрцэцэг ахыгаа эргэж ирэхдээ “Цэргийн дүрэмт хувцас их сайхан зохиж байна. Цэргийн албаараа явбал танд зохихоор байна” хэмээн урам зориг, эрч хүч бэлэглээд мордсон дуулдлаа.

     Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хоёр айлын хоёр ихэр хугацаат цэргийн алба хааж байгаагаас нь Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат байлдагч Б.Санзайдорж, Б.Баасандорж нартай Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд хосоороо гарсан байхтай нь таарав. Байлдагч Б.Санзайдорж сүрхий яриасаг, нүүрэмгий бол Б.Баасандорж нь даруу төлөв талдаа байлдагч байна. Б.Санзайдорж хээрийн сургуульд гарснаар өмнө харж үзэж байгаагүй байлдааны бусад зэвсэглэл, техникийг харахад хийморь сэргэнэ гэдэг шиг л юм болж байна. Буудлага хийх нь үгээр хэлэмгүй гайхалтай мэдрэмж юм, өөрийгөө эх орны өмнө үүрэг хүлээсэн эр цэргээ гэдгээ ухамсарлуулах үнэтэй цаг минь хээрийн сургууль болж чадлаа гэж бахдан бахдан ярьж байлаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106