• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙНХАН ГҮЙГЧДИЙГ РАШААНТ СУМАНД УГТАН АВЛАА
Нийтэлсэн: 2025-05-06 17:16:52
Үзсэн: 263

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙНХАН ГҮЙГЧДИЙГ РАШААНТ СУМАНД УГТАН АВЛАА
Нийтэлсэн: 2025-05-06 17:16:52 Үзсэн: 263



    "Усчин дайчид" гэдгээрээ ард түмэндээ алдаршсан Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан 05 дугаар сарын 05-ны энэ өдөр эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг багаар туулж яваа "Таван цэг" багийнхныг Булган аймгийн Рашаант суманд угтан авлаа.

   Тус ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг эмэгтэй цэргийн алба хаагчдын эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж яваа учир анги хамт олны төлөөлөл түүнийг хамтран гүйгч Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, тэдэнд дэмжлэг үзүүлэгч "Таван цэг" багийнхны хамт угтан авч, амжилт хүссэн нь энэ.

    Усчин дайчдын хамт Булган аймгийн Рашаант сумын удирдлагууд, ард иргэд, хүүхэд багачууд алга ташин хүндэтгэл үзүүлсэн нь өнөөдрийн түүхэн үйл явдал болж чадсан юм.

    Тус ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат гүйгчдэд баяр хүргэж, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд буюу бороотой, шуургатай, цастай, нартай ямар ч үеийг ажрахгүй давж, цэргийн хүний онцгой чадваруудыг харуулж яваад нь бахархаж байна гэв. Тэрээр усчин дайчдынхаа нэг дэд ахлагч Б.Буянхишиг хэт холын зайд эмэгтэй марафончдын рекордыг шинэчилсэнд мөн баяр хүргэж, баг хамт олноороо өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрэхийг хүсэн ерөөлөө.

Мөн энэ үеэр Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Жавзмаа "Таван цэг" багийнхнаар бахархаж буйгаа уламжилж, Булган нутгийн бүсгүй дэд ахлагч Б.Буянхишигт онцгойлон баяр хүргэж байсан юм.

     Гүйгчдийг угтан авах ёслолын үеэр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-тэй уялдуулан Рашаант сумынханд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, усчин дайчдын багаж хэрэгслийг дэлгэн толилуулж, энхийг сахиулах үйлсэд Монгол цэргийн оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл хүргэлээ. Рашаант сумынхан цэргийнхний энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, сумыг нь зорин ирсэн гүйгчид болон Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнханд талархал дэвшүүлсэн юм.

     Энэхүү арга хэмжээний төгсгөлд Рашаант суманд тус ангийнхан мөн мод тарьж, байгаль орчны төлөөх үйлсэд хүн бүр манлайлж оролцохыг орон нутгийн хүүхдүүдэд захиж байсан юм. "Таван цэг" багийнхныг угтах авах арга хэмжээнд дээрх албаны хүмүүсээс гадна Рашаант сумын Засаг даргын орлогч П.Пүрэвдулам, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч, сургагч ахлагч Л.Хүчитбаатар, ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэлд байгаа дэд хурандаа Д.Цэцэнбуу нар оролцлоо.

Дэслэгч Г.ШИЙРИЙМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106