• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ПРАКТИК БУУДЛАГА-2025" ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2025-05-02 17:25:20
Үзсэн: 245

"ПРАКТИК БУУДЛАГА-2025" ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2025-05-02 17:25:20 Үзсэн: 245



    Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Тусгай хүчний цэргийн командлал, Монголын практик буудлагын холбоо, “Ерөнхий цэргийн ассоциаци” ТББ-тай хамтран “Практик буудлага-2025” анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Анхдугаар тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд 1-2 хүртэлх багаар 4-8 тамирчныг илгээн оролцуулж байгаа ажээ. Практик буудлагын спортыг Зэвсэгт хүчний хэмжээнд хөгжүүлэхэд томоохон алхам болсон энэхүү тэмцээний техникийн зөвлөгөөн 05 дугаар сарын 02-ны өдөр ХЗЦК-ын байрлалд болж, зохион байгуулагч болон оролцогчид цөм ирэв.

    Зөвлөгөөний эхэнд Монголын практик буудлагын холбооны Ерөнхийлөгч, практик буудлагын спортын ОУХМ Д.Наранбаатар “Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал өнгөрсөн онд бидэнд хамтран ажиллаач, залуу офицеруудаа энэ спортоор сургаж, бэлтгэмээр байна” гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Мэргэжлийн байгууллагын хувьд дуртайяа зөвшөөрсөн” хэмээн яриагаа эхлүүлж, практик буудлагын спортын алтан дүрэм болсон аюулгүйн ажиллагааны 4 зарчмыг танилцууллаа. Нэгдүгээрт, галт зэвсэгтэй хэзээд цэнэгтэй мэт харьц. Та цэргийн алба хаагч, галт зэвсэгтэй ажилладаг байж болно, гэхдээ буудлага дадлагын үед үргэлж “шинэ танил”-тай учирсан мэт болгоомжтой хандаж, аюулгүй ажиллагааг ягштал баримтал. Ямар хүн алдаа гаргадаг гэхээр “Би мэднэ”-чүүд. Хоёрдугаарт, буудахыг хүсээгүй зүгт галт зэвсгийг чиглүүлэхгүй гэдэг дүрэм. Энэ нь барьж байгаа зэвсгийнхээ хошууг хаашаа харж байгааг тогтмол хянаж, хаа хамаагүй зүг рүү санамсаргүй чиглүүлэхээс зайлсхийж, зөвхөн буудах зүг рүүгээ чиглүүлнэ гэсэн үг. Гуравдугаарт, буудлага гүйцэтгэхийн өмнө байны орчин тойрныг үргэлж хяна. Ойр орчимд хүн амьтан байна уу гэдгийг хар. Дөрөвдүгээрт, буудлага үйлдэхээс бусад үед гохонд хуруу хүргэхгүй хэмээн танилцуулж, хатуу зарчим, дүрэмтэй спорт гэдгийг онцлов. Аюулгүй ажиллагааны дүрэм болоод байны тухай өгүүлэхдээ тэрээр тэмцээнд оролцогч 10 гаруй офицерыг тайзнаа урьж “хуурай” дадлага гүйцэтгүүлсэн нь бусад нөхдөд нь хүрэх тайлбар, мэдээллийг тун ойлгомжтой болгож байв.

     Түүний дараа тус холбооны нарийн бичгийн дарга, шүүгчдийн зөвлөлийн дарга Ч.Дэлгэр шүүлтийн системийг танилцууллаа. Ямар ч тохиолдолд шүүгч болон инструкторын зөвшөөрөлгүйгээр галт зэвсгийг гэрнээс гаргах, дайз угсрахыг хориглоно. Галт зэвсэгтэй харьцах бүх үйлдэл нь зөвхөн шүүгчийн команд, зөвшөөрлөөр зөвхөн “галын шугам” эсвэл “аюулгүйн бүс”-т хийгдэхийг сануулж, тэмцээнээс хасагдах шалтгаануудыг ч тайлбарлалаа. Буудлага гүйцэтгэж байх үедээ өнцөг алдах, зүй бус үг хэрэглэх, биеийн хэлэмжээр зохисгүй үйлдэл гаргасан тохиолдолд хасдгийг дурдаж, хол, ойроос ирсэн залуу офицерууд энэ тэмцээнд оролцож, түүнээс суралцана гэдэг өөрөө томоохон амжилтын эхлэл болохыг ч цохон тэмдэглэв.

     Практик буудлагын холбооныхон аюулгүй ажиллагааны дүрмээс бусад тохиолдолд хүссэнээрээ сэтгэж оролцохыг захиж байлаа. Ялангуяа байны дарааллыг хатуу тогтоодоггүй, өөрийн хүсснээрээ байгаа бууд, гэхдээ бай бүрийг бууд, учир нь нэг байг орхисны төлөө өндөр торгууль ирдгийг ч өгүүлж, энэ спортоор Зэвсэгт хүчний шижигнэсэн ийм сайхан залуус хичээллэх болсонд баяртай байна гэлээ.

     Төгсгөлд нь “Ерөнхий цэргийн ассоциаци” ТББ-ын тэргүүн бэлтгэлд байгаа хурандаа Л.Ганбаатар залуу офицеруудад практик буудлагын спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн зөв шийдвэрийг байсныг дурдсан бол Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал анхдугаар тэмцээнээ өндөр зохион байгуулалттай хийх нь бидний туйлын зорилго гэж тодотгов. Тэрээр тэмцээнийг зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлж буй Монголын практик буудлагын холбооныхонд талархал илэрхийлж, оролцогчдыг чихэвч, кабураар (бууны гэр) хангаж буйг дуулгаж, чихэвчийг нь тэр дор нь гардуулж өглөө.

     Анхдугаар тэмцээн энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэр хүртэлх хугацаанд Монголын практик буудлагын холбооноос шаталсан дадлага сургалтуудыг явуулна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106