Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн номын санч бүсгүй Төмөрбаатарын Оюумаа Хуурай замын цэргийн командлалын номын сантай танилцаж, туршлага судлахаар Ховдын хорооноос зорин иржээ. Командлалын номын санч Б.Энхтуяа түүнд номын баяжилт, уншигчийн карт хөтлөлт, уншигчдын идэвх оролцоог тогтмол нэмэгдүүлэх шинэлэг аргуудынхаа талаар зөвлөгөө хүргэж, саяхан хүлээн авсан шилдэг бестселлер бүтээлүүдээ ч танилцууллаа. Уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлж, бестселлер болж байгаа уран зохиолын тууж, романуудыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сантай хамтран ажиллах гэрээний хүрээнд алба хаагчдадаа хүргэж буйгаа дурдаж, номын сангийн тохижилт, тав тух уншигчдад хамгийн чухал болохыг ч холоос зорин ирсэн зочиндоо хуучиллаа.
Ховдын хорооны номын санч Т.Оюумаа ч энэ үеэр ангидаа “24 цагт 15 минут” гэдэг аян өрнүүлж эхэлсэн, үр дүн харьцангуй сайн байгааг танилцуулав. Өдөрт ердөө 15 минутыг нэг өгүүлэл, нэг агуулга уншихад зарцуулаарай гэсэн уриалгад нь нөхөд нь ч үүнд идэвхтэй оролцож байгаа гэнэ. Командлалаас оны эхэнд орчуулгын болон уран зохиол, өөрийгөө хөгжүүлэх тухай бестселлер болсон хайрцаг дүүрэн ном хүргэсэн. Үүнийг нь алба хаагчид ээлжлэн авч уншаад дуусгасан, шилдэг бүтээлийг тодорхой давтамжтайгаар хүргэвэл уншигчдын тоо ч нэмэгддэг сайн талтайг тэр онцолж байв. Тэр бас хугацаат цэргийн алба хаагчид нь номын сантайгаа хамгийн ойрхон байж, амралтын өдрүүдэд урт дараалал үүсгэн унших номоо уралдан авдаг болохыг тэрээр баяртайгаар өгүүлж байсан юм.
Түүний хувьд япон хэлтэй, цэргийн албатай амьдралаа холбоод багагүй хугацаа өнгөрч байгаа бүсгүй байна. Хотод томилолтоор ирсний өөр нэг зорилго нь ҮБХИС-ийн Номын сантай хамтран цахим номын программыг анги байгууллагадаа нэвтрүүлэх тухай байв. Уламжлалт уншлагын аргаас гадна цахим хэлбэрээр уншигчдад хүргэх хэрэгцээ шаардлага байгааг анзаарч, тоо цөөн зарим номын нийлүүлэлтийг энэ аргаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Харин гурав дахь зорилго нь ээж хүний үүрэг. Охин Х.Тогтуунаа нь даамны төрлөөр Хүүхдийн спортын 8 дугаар их наадамд оролцохоор Ховд аймгаасаа шалгарсан учир охиноо хөтөлчихсөн, номын сангаа баяжуулах урт дараалал биччихсэн ийм л бүсгүй командлалын номын санд өнжөөд явлаа. Хань Х.Хишигжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-т ажилладаг, тэд 5-15 насны дөрвөн хүүхдийн аав ээж бөгөөд бусдын оюуны цангааг “тайлах” номын санч болсноороо үргэлж бахархаж, талархаж явдгаа ч өгүүлж байсан юм.