ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон “Сэтгэл зүйн хөдөлгөөнт” бүлгийнхэн ХЗЦК-ын бүрэлдэхүүнд 05 дугаар сарын 27-ны өдөр үдээс өмнө “Стрессийн төрөл, тайлах арга замууд”, “Сэтгэл түгшилт”, “Төрийн а лба хаагчийн харилцаа хандлага, ёс зүй” сэдвээр онол, дадлага хосолсон сургалтыг явуулж, үдээс хойш хувь хүн болон бүлгээр оношилгоо, зөвлөгөөг хүргэж ажиллалаа.
Сургалтын төгсгөлд ЗХЖШ-ын Цэргийн алба, сэтгэл зүйн хангалтын газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ хөдөлгөөнт бүлгээр сургалт зохион байгуулахын ач холбогдлыг дурдаж, хичээл бүрийн дараа авагдсан сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, ажлын байр дахь сэтгэл ханамжтай холбоотой судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрээр ЗХЖШ-ын даргын тушаалаар сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг 2022 оноос хойш эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист орших цэргийн нөхдөдөө очлоо. 2022 онд бид алба хаагчдынхаа харилцаа хандлага, ёс зүй, байгууллагын соёлын тухай ярьж хэлж, ойлгуулсан бол энэ цаг үед сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн сургалтыг явуулж байна. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, орчин үеийн залуусын сэтгэл зүйн байдал, бусад шалтгаан гээд олон зүйлээс хамааралтай. Энэ жилийн гол онцлог нь Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран ажиллаж, хөдөлгөөнт бүлэгтээ мэргэжлийн эмч, сэтгэл зүйчдийг урьж ажиллуулж буйгаараа юм. Алба хаагчдадаа хүрч ажиллах, асуудал бэрхшээлийг нь сонсож, аль болох шийдвэрлэх түвшний зөвлөгөө зөвлөмж хүргэхэд мэргэжлийн сэтгэл зүйчдийн тусламж чухал үүрэгтэй.
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран ажиллаж байгаагийн хувьд манай алба хаагчид сэтгэл зүйтэй холбоотой зөвлөгөө зөвлөмжийг 18002000 дугаарын утсанд хандаж үнэгүй авах бүрэн боломжтой. Эсвэл манай хэлтсийнхэнд хандаарай. Бид таны хамгийн дотнын зөвлөгч, нууцыг хадгалагч, итгэлт нөхөд тань болж чадна хэмээгээд ХЗЦК-ыг цэргийн захиргааны удирдлагын байгууллагуудаас анх удаа биднийг “тоож” урьж хичээл сургалтыг авсан хамт олон болохыг цохон тэмдэглэж, талархлаа илэрхийллээ.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө сургалт явуулсан тус хөдөлгөөнт бүлгийнхэнд баярласнаа илэрхийлж, санал асуулга, судалгаагаар гарсан дүгнэлтэд анхаарч ажиллахаа дурдлаа.