Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БХЯ, ЗХЖШ, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Төв аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад оролцогчид Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа.
Төв аймгийн 27 сумын 20-60 гаруй насны бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр угтан авч, Хуурай замын цэргийнхний үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэв.
Үргэлжлүүлэн командлалын алба хаагчдын ажиллаж хөдөлмөрлөж, суралцах орчныг танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчдын эдэлж хэрэглэж буй ахуй хангалт болоод соёл амралтын өрөөг “төхөөрөмжлөн” дэлгэснээ тайлбарлан хүргэлээ. Үүний зэрэгцээ командлалынхан хугацаат цэргийн алба хаагчид “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд англи хэл, компьютер, монгол бичиг, жолооны дамжаанд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх олон боломжууд нэмэгдсэн талаар онцолж, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тогооч бүсгүйчүүд бэлтгэл үүрэгтнүүдийн хуучны дурсамжийг нь сэргээж, цэргийн хээрийн амтат зоогоор дайлсан юм.