Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2025” сургалт, дадлагын 1 дүгээр шатны онолын сургалт “НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах” сэдвээр Япон Улсын Өөрийгөө хамгаалах Хуурай замын цэргийн Инженерийн сургуульд зохион байгуулагдаж байна.
Тус сургалтын хөтөлбөрийн дагуу хөрсний үндэс, бетоны ажил болон барилгын зураг төсөл, хэмжилт зэргээс суралцаж, Японы цэргийн инженерүүдийн бүтээсэн дадлага ажлуудтай ч танилцаж, туршлага судалж байна.
Тухайлбал, Уцуномия хотод энхийг дэмжих ажиллагааны түр цэргийн баазын загвар хийц, техник технологитой, Чиба мужид Япон Улсын барилга, зам салбарт ашиглагдаж байгаа шинэ технологитой танилцаад байна. Хамтарсан сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 14 офицер, ахлагч нар оролцож байгаа бөгөөд энхийг дэмжих ажиллагааны байр, түүнийг дагасан дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр суралцаж байгаа юм. Хамтарсан сургалт 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Ахмад Б.ДҮҮРЭНБИЛЭГ