ОХУ-ын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийн захирал, ОХУ-ын баатар, хурандаа генерал Анашкин Геннадий Владимирович тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний батлан хамгаалахын их сургуульд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хурандаа генерал Анашкин Геннадий Владимирович тэргүүтэй албаныхан 06 дугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын урилгаар зочилж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Хүндэт зочидтой хамт Батлан хамгаалахын Удирдлагын академийн захирал, цэргийн ухааны доктор, бригадын генерал Л.Онцгойбаяр мөн ажиллалаа.
Уулзалтын эхэнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулийн талаар мэдээлэл хүргэж, 2008 оноос хойш 16 жилийн туршид хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсаныг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр М.В. Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академиар дамжуулан үе үеийн шилдэг офицеруудаа бэлтгэж ирсэн уламжлалыг дурдан талархал дэвшүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.