• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2025-06-03 09:45:23
Үзсэн: 104

ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2025-06-03 09:45:23 Үзсэн: 104



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Төрийн цэргийн байгууллагын тэргүүний түрүүч, байлдагч” тэмцээнийг 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Анги байгууллагаасаа шалгарсан шилдгийн шилдэг дайчдын дунд эн тэнцүү өрсөлдөөн явагдаж, тэдний дронтой ажиллах чадвар, эссэ бичлэгийн найруулга чамбай, англи хэл, монгол бичиг, цэргийн дүрмийн мэдлэг өндөр, буудлага нь мэргэн байсан нь бахархам байв.

   Энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 10 нэгтгэл, анги болон ЗХЖШ, БИЦУГ-ын харьяа Зэвсэгт хүчний 013, 015, 017, 311, 342 дугаар анги, Хилийн цэргийн 0101, 0108, 0129, 0168, 0252 дугаар анги, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн нийт 22 багийн 44 түрүүч, байлдагч нар оролцож, онолын 7, чадварын 5 шалгалтаар өөрсдийгөө сорьцгоолоо.

    Зохион байгуулагчид энэ жил тэмцээний сорилгуудын цар хүрээг өргөжүүлж “Батлан хамгаалах сэргэлт”-ийн бодлоготой уялдуулж, англи хэл, монгол бичиг, компьютер, замын хөдөлгөөний дүрмийг нь шалгаж, орчин үеийн техник технологийн хөгжил, эрин үетэй нийлүүлж дроны чадварыг нь сорьсоноороо онцлог байв. Мэдээж уралдаан бүрт тамирчдын оноо харилцан адилгүй бөгөөд жигд гүйцэтгэж байсан дайчид тэргүүлэх байр сууриа хадгалж, медалийн тавцанд зогслоо.

   Тухайлбал, тэмцээний хоёр дахь өдөр явагдсан зарим сорилгуудын шилдгүүдээс онцлоход дроны төрөлд ахлах байлдагч Ч.Намжилсүрэн, ахлах байлдагч Б.Дэлгэрсайхан (Хилийн цэргийн 0129), дэд түрүүч Д.Дөлгөөн (Хилийн цэргийн 0101), дэд түрүүч Б.Сүхбат, байлдагч Э.Энхбаяр (327), ахлах байлдагч Ч.Батбуян (Хилийн цэргийн 0108), түрүүч Б.Төрбаяр (Хилийн цэргийн 0252), буудлагаар дэд түрүүч Б.Тэмүүжин (186), байлдагч Ц.Сэнгээ (120), байлдагч Л.Бат-Ирээдүй (167) нар, гранат шидэлтээр түрүүч Б.Төрбаяр (Хилийн цэргийн 0252), дэд түрүүч Д.Баярмагнай (167), дэд түрүүч О.Чулуун-Эрдэнэ (256), дэд түрүүч Б.Тэмүүжин (186), байлдагч Дагвадорж (016) нар хамгийн сайн оноог цуглуулав.

   Нормативаар дэд түрүүч С.Эрдэнэмөнх (342), дэд түрүүч Б.Алтангэрэл (016), саадын зурвасаар түрүүч Б.Төрбаяр, байлдагч З.Иргэл (Хилийн цэргийн 0252), 1000 метрийн гүйлтэд дэд түрүүч С.Алтансүх, байлдагч Д.Энхбаяр (336), онолын нэгдсэн шалгалтад дэд түрүүч О.Чулуун-Эрдэнэ (256) нарын Хилийн цэргийн 0252, Зэвсэгт хүчний 015, 014, 167, 336 дугаар ангийн зарим хугацаат цэргийн алба хаагч манлайлсан байлаа.

   Ингээд нэгдсэн дүнгээр байлдагч нарын төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Д.Энхбаяр шалгарч цом өргөсөн бол дэд байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байлдагч М.Баасанхүү, гутгаар байрт Хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдагч З.Иргэл шалгарлаа. Түрүүч нараас тэргүүн байрт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд түрүүч О.Чулуун-Эрдэнэ тодорч цом өргөмжлөл хүртэж, дэд байрт Хилийн цэргийн 0252 дугаар ангийн түрүүч Б.Төрбаяр, гутгаар байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэд түрүүч А.Одхүү шалгарч, шагналыг ЗХЖШ, ХЗЦК-ын төлөөлөл гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

   Энэ удаагийн тэмцээнд оролцогчдод Батлан хамгаалахын Удирдлагын академийн 2005-2007 оны суралцагч нар гарын бэлэг гардуулж, баяр хүргэсэн бөгөөд тэмцээний Ерөнхий шүүгч ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий мөр зэрэгцэн хугацаат цэргийн алба хааж байгаа нөхдөөсөө шалгаран оролцож, бүр шилдгийн шилдэг болж чадсан эрхэм түрүүч, байлдагч нартаа баяр хүргэе. Тэмцээнд амжилт үзүүлсэн, эс үзүүлснээс үл хамааран бүх хугацаат цэргийн алба хаагч бол бидний бахархал хэмээн онцлоод баг тамирчдаа өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулсан багийн удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106