Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд бэлдэж байна.
2009 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэж, сүр хүчит цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай бөгөөд 2021 онд дэлхий нийтээр тархсан цар тахал, 2023 онд үерийн гамшгийн улмаас тус тус өнжснөөс бусад жилүүдэд тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн билээ.
Ташрамд сонирхуулахад, дэлхийн бүх улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь Канад Улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д 8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг байна.