Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай хээрийн сургууль 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жил ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийнхэн хээрийн байрлалд шилжин бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэрээс тодрууллаа. Тэрээр “Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагч юм.
Энэ жилийн сургуулийн онцлог болон бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар тодруулна уу?
-Бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдсан. Сургуулийн жигдрэлтийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна. Хамгийн сүүлд 2018 онд Оросын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан ба түүнээс хойш долоон жилийн дараа ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт буюу “Бурдуны” полигонд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Сургууль 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдана.
2024 онд “Сэлэнгэ” хээрийн сургуулийг Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол, Орос дайчдын баатарлаг ялалтын өлгий нутаг Дорнод аймагт амжилттай зохион байгуулсан бол энэ удаа Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой тохиосон түүхэн жил ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулах гэж байна. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг Монгол Улс болон ОХУ-д тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр төлөвлөгөөний дагуу “Сэлэнгэ” хээрийн сургуульд оролцсон бие бүрэлдэхүүнээс ОХУ-ын Хабаровск хотод зохион байгуулагдах ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцоно. Үүний бэлтгэл ажлыг ч мөн хангаж байна.
Энэ жил сургуулийн агуулга хөтөлбөр өмнөх жилүүдээс өөрчлөгдсөн үү?
-Хоёр талаас өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан сургуулийн агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг өөрчлөн шинэчилсэн. Шинэ хөтөлбөрийн дагуу шинэ хичээлийн цэгүүдээр төрөл мэргэжлээр ангилан хувааж нарийвчлан сурган дадлагажуулахаар ОХУ-ын талтай тохирсон. Энэ дагуу ч хичээлийн цэгүүдийг шинэ агуулгадаа нийцүүлэн төхөөрөмжилж, бэлтгүүлсэн гэж ойлгож болно. Хээрийн сургуульд Монгол талаас оролцох бие бүрэлдэхүүний хувьд Хуурай замын цэргээс гадна Тусгай хүчний цэргийн шүхэрчин дайчид, Агаарын цэргийн зоригт шонхрууд оролцоно.
Эх сурвалж: СОЁМБО СОНИН