Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын артиллерийн офицер дэд хурандаа М.Гантулгыг ярилцлагынхаа хойморт урилаа. Түүнтэй энэ өдрүүдэд тохиож буй артиллерийн цэргийн түүхт 104 жилийн ойг тохиолдуулан эзэмшсэн мэргэжлийнх нь талаарх бодролыг хуваалцаж байгаа нь энэ билээ. Дэд хурандаа М.Гантулга шилдэг артиллерчнаас гадна хүнлэг чанар, тусч байдал, даруу төлөв, итгэх даах чадвараараа хамт олондоо хэдийн хүндлэгдсэн офицер юм. “Энэ ажлыг дэд хурандаа М.Гантулгад даалга, цаадах чинь араас нь тасралтгүй зүтгэж, биелүүлж чадна” гэдэг үгийг ч удирдлагуудаас хэдэнтээ сонсож байв. “Цэргийнхэн үүрэг өгөхөд үгүй гэж хэлдэггүй” хэмээх чанарыг бүрэн эзэмшин биелүүлж яваа ахлах офицер гэж түүнийг л хэлэх байх.
-Артиллерийн цэргийн түүхт 104 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Артиллерчин хүний хувьд энэ баярыг хэр их хүлээдэг вэ?
-Мэргэжлийн баяр учраас хүлээлгүй яах вэ. Энэ сайхан мэргэжлийг эзэмшиж, их бууныхаа дэргэд өнөөдрийг хүртэл яваагийн хувьд бахархаж, догдлон хүлээдэг. Энэ нь баярлахдаа гэхээс илүү гурван үеийн артиллерчдыгаа мэргэжлээрээ бахархаж, нэгдэн цуглаж, ажил албаа сурталчлахыг харах нь өөрөө хамгийн сайхан. Артиллерийн цэргийн 100 жилийн ойн баярын арга хэмжээг гардан зохион байгуулалцаж явсан хүний хувьд жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулалтын ажлууд л бодогдож, алба салбараа сурталчлахын төлөө завгүй өнгөрөөдөг гэх үү дээ.
-Таныг артиллерийн цэргийн команд мэргэжлийг сонгох болсон шалтгааныг хуваалцвал?
-Би гурван үеийн артиллерчин хүн л дээ. Миний өвөө хошууч Д.Сэнгээ гэж хуучин Ардын армийн 133 дугаар анги буюу одоогийнхоор Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн сууринд байсан хорооны штабын даргаар ажиллаж байлаа. Тэтгэвэрт гарах жилүүддээ Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажилласан. Миний аав Р.Мягмардаваг мөн л артиллерийн цэргийн ангид насаараа ахлагчийн албанд ажилласан хүн. Өвөө, эмээ, аавынхаа мэргэжлийг өвлөж, энэ сайхан мэргэжлийг өвлөсөн нь амьдралын маань хамгийн зөв сонголтуудын нэг юм. Ер нь би өвөө, эмээ дээрээ өссөн болохоор миний хүүхэд нас одоогийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хашаанд өнгөрсөн. Өвөө, эмээгээ дагаж очно, өдөржин тоглоно, цэрэг ах нарыг дагаж жагсаалаар алхаж өссөн гэхэд болно. Ингэж явсаар 10 дугаар ангиа төгсөж, их сургуульд орох болоход ямар ч эргэлзээгүй ҮБХИС-ийн артиллерийн цэргийн командын офицер мэргэжлийг сонгосон. Уг нь ШУТИС, “Их засаг” их сургуульд элсэн суралцах боломж байсан ч хувь заяагаараа артиллерийн мэргэжлийг сонгосон нь тэр билээ. ҮБХИС-д 2001-2005 онд сонсогчийн ширээнд суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. 2005 онд салааны захирагчаар эхлүүлснээс хойш өнөөдрийн цаг хугацааг эргээд дүгнэхэд энэ сайхан мэргэжлээрээ алхам ч холдоогүй байна. Зэвсэгт хүчний 120, 327, Хуурай замын цэргийн командлалд шаталсан албуудыг нь шат дараалан хааж, артиллерчин мэргэжилтэйгээ үргэлж хамт яваадаа талархаж байна. Ёстой нөгөө артиллерийн цэрэг намайг андахгүй, би артиллерийн цэргийг андахгүй гэдэг шиг.
-Артиллерчин офицерын бахархал?
-Буудлагаа сайн гүйцэтгэсний дараа бахархал, омогшил зэрэг төрнө. Артиллерийн буудлага өөрөө маш нарийн тооцоотой явагддаг учраас хэн дуртай аавын хүүгийн шууд очоод гүйцэтгэчихдэг ажил биш. Өөрийгөө бүрэн зориулж, 100 хувь анхаарлаа хандуулж байж буудлага сайн явагддаг. Мэдээж багийн ажиллагаа хамгийн чухал.
-Артиллерчдыг амь нэгтэй улс гэлцдэг?
-Тэгэлгүй яах вэ. Ахмадаа хүндэтгэж, залуу үеэ сурган бэлтгэх нь бидний баримталдаг зарчим. Гурван үеэрээ уулзаж, ажил албаныхаа хөгжлийг ярилцаж, спортын уралдаан тэмцээнээр өрсөлддөг нь бидний дунд хэдийн хэвшсэн байна. Ялангуяа ахмадууд маань нийгмийн идэвх оролцоо өндөр байж, энэ ажил мэргэжлийг биднээс илүү сурталчилж таниулж яваад нь талархдаг.
Зуунд тасраагүй нүргээн
Буунд сөхрөөгүй амь
Дуунд мөнхөрсөн гавьяа
Суу нь дуурсагдах алдар гэдэгчлэн мэргэжил нэгт их буут цэргийн ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид Та бүхэндээ орчин цагийн артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний яруу алдарт 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!