Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан 2025 онд цэргийн тэтгэвэрт гарч буй ахлагч болон ажилтан албан хаагчдадаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Байлдааны тугандаа мэхийх цаг хугацааг олгож, энэ ангийг өдий зэрэгтэй явахад ачааны хүндийг үүрэлцэж, үүрэг өгөхөд үгүй гэж хэлж үзээгүй бэлтгэл ахлагч нартаа анги, хамт олноороо чин сэтгэлийн талархал илэрхийлж, мэндийн цэнхэр хадгаа өргөн барьжээ.
Тэдний нэг бэлтгэл сургагч ахлагч Б.Баярцогт байлдааны тугандаа мэхийхдээ “Цэл залуу нас минь таны нөмөрт өнгөрч, цэргийн албанд зориулагджээ. Цэрэг бүхнийг ивээж, цог золбоо, хийморь зоригоор “цэнэглэж” мөрдэстэй хүн бүрийн хүндэтгэл болсон аранзал улаан туг минь баяртай” хэмээн үнсэж буй зураглал үнэхээр хайрлам.
Цэл залуу насандаа аранзал улаан тугийнхаа өмнө тангараг өргөж, ариун жагсаалын эгнээнд нэгдэж байсан шигээ буурь сууж цэргийн тэтгэвэрт гарахдаа хамт олон, тугандаа "хоргодох" мэдрэмж дүүрэн хүндэтгэл үзүүлж, мэхийн ёслох нь цэрэг хүнд л тохиох торгон агшин гэлтэй. Эх орондоо зориулсан хугацаа бүхэн нь түүнд маш их үнэ цэнтэй.