Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал 2026 он гарсантай холбогдуулан 01 дүгээр сарын 06-ны өдөр жилийн хугацаанд Хуурай замын цэргийнхний хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилт, баримтлах бодлого болоод ЗХЖШ-ын даргаас үүрэг болгосон зарим чиглэлийг командлалын бүрэлдэхүүнд танилцууллаа.
Тэрээр ЗХЖШ-аас 2025 оныг “Бэлэн байдлын жил” болгон зарлаж, бэлэн байдлын үзлэгийг нэгтгэл, ангиудад амжилттай зохион байгуулсан. Энэхүү үзлэгийн шийдвэр дүгнэлтэд үндэслэн 2026 онд нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтэд онцгой анхаарахыг ЗХЖШ-ын даргаас үүрэг болголоо. Дээд штабаас өгсөн үүргийн дагуу Хуурай замын цэргийн командлалынхан Та бид штабын бэлтгэлжилтийг энэ онд тэргүүлэх чиглэлээ болгон ажиллана. Үүний тулд хэлтэс, тасгууд ажлаа эрчимжүүл, чанаржуул, өдөр тутмынхаа ажилд “уягдаж” биш алсыг харсан зураглалаар ажилла. Нэгтгэл, ангиудаа ч ингэж манлайл. Улсын эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт байхгүй гэдгээр “халхавчилж” ажлаас зугтаж таарахгүй. Ялангуяа өөрсдийн хүч бололцоондоо тулгуурлаж “Эко орчин-Ногоон хөгжил”, “Зам” төслүүдийг үргэлжлүүлнэ. Цэргийн алба орчин үеийн цаг нийгмээ дагаад шинэчлэгдэж, хөгжиж байх ёстой” хэмээгээд нэгтгэл, ангиудад төлөвлөгдсөн сургууль, хээрийн гаралтуудыг тодотголоо.

Төгсгөлд нь тэрээр 2026 онд штабын бэлтгэлжилтэд анхаарахтай зэрэгцүүлэн “Хандлага, сэтгэлгээний өөрчлөлт”-ийг Хуурай замын цэргийн хүрээнд өрнүүлнэ. Харилцаа хандлага гэдэг тухайн хүний хүмүүжил, төлөвшлийн тод илэрхийлэл. Хуучин цаг шиг өндөр дуугаар загнасан бүхэн цэргийн сайн дарга биш шүү гэдгийг залуу дарга нар ухамсарлах хэрэгтэй. Харилцааны зөрчил цэргийн алба хаагч хэнбугайд ч байж таарахгүй. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал захиргааны арга хэмжээг нь ч авна” хэмээгээд цэргийн алба хамтын хөдөлмөр. Та бид цэргийн албаны хэтийн хөгжлийг харсан, ирээдүйд сайн үр нөлөөгөө үлдээх ажлыг л санаачилж хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцлон дурдлаа.