• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТҮРҮҮЧ НАР ЯРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2026-01-08 11:38:34
Үзсэн: 145

ТҮРҮҮЧ НАР ЯРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2026-01-08 11:38:34 Үзсэн: 145



 
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн соёл хүмүүжлийн офицерууд руугаа утас цохив. 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан нутаг нутгийн залуус эх орны өмнө цэргийн тангаргаа өргөж, эр цэрэг гэж хэлүүлэх эрхтэй дайчид болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн учир түрүүч цол хүртсэн алба хаагчдын судалгааг сонирхсон нь тэр ээ. Олонх нь түрүүч цол олгоогүй байгаа, дэд түрүүч, ахлах байлдагч нар гэвэл бий бий гэцгээв.
        Харин Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн соёл хүмүүжлийн офицер ахлах дэслэгч Р.Билэг "Манайд гурван ч түрүүч байгаа" гэсээр залуусаа бахдан бахдан ярилаа. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн алба хаагчдынхаа шинэ жилийн баяраар нь ангийн захирагч нь тушаалаа гаргаж, гурван ахлах байлдагчдаа түрүүч цол олгожээ. “Цол бүхэн сайхан” гэдэгчлэн хугацаат цэргийн албаныхаа хамгийн том цолыг хүртсэн гурван эрхмийг “Шинэ танил” буландаа урьж, уншигч Та бүхэндээ танилцуулж байна. Тэд гурвуулаа инженерийн хорооны тасгийн захирагч нар юм.
 
           Эхний тасгийн захирагч нь түрүүч Өлзийсайханы Энхбаяр. Тэрээр Төв аймгийн Зуунмод сумынх. Цэргийн албанд татагдахаас өмнө Үндэсний биеийн тамирын дээд сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байсан залуу. Цэргийн алба түүний бодож төсөөлж байснаас ч илүү тохь тухтай орчин, хувь хүний хөгжил, сургалтыг дэмжсэн бааз суурь болохыг нь өөрийн биеэр мэдэрч байгаа гэнэ. Тэр бас хугацаат цэргийн сайн алба хаагчаас гадна шилдэг тамирчин. Сагсан бөмбөгийн хоёр удаагийн аймгийн аварга, хүрэл медальтан бөгөөд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн эд эс нь болсон цагаасаа “Налайх лиг”-т тоглож эхэлсэн байна. Налайх лигийн уралдаан тэмцээнд ангийнхаа офицер, ахлагчийн хамтаар түрүүч Ө.Энхбаяр, байлдагч Л.Отгонхүү нар баг болон оролцож, медалийн тавцанд багагүй удаа зогсоод буйгаа бахархалтайгаар ярилаа.
                 Дараагийн онцлох эрхэм түрүүч Баттулгын Мянганбаяр. Эгнэн жагссан нөхдийнхөө тэргүүнд нь ёслон зогсох нь түүнийг хүндтэй бөгөөд эрхэм үүргийг гүйцэтгэдэг тасгийн захирагч гэдгийг нь илтгэнэ. Хугацаат цэргээ хугацаат цэрэг нь захирна гэдэг тийм нэг онцгой мэдрэмж мэт санагддаг. Илүү хариуцлагатай, илүү зарчимтай, удирдах арга барил сайн, салааны захирагч, орлогч нараа эзгүйд нөхдөө удирдан чиглүүлэх бүрэн чадвартай байж гэмээнэ энэ эрхэм цолны эзэн болдог учиртай. Сургуулиа төгссөн шинэхэн офицер “Ирээдүйд би сайн ажиллаад хурандаа болно доо” гэж мөрөөддөг шиг байлдагч нарын хувьд ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч гэдэг хүсэл, мөрөөдлийнх нь сайхан цол нь юм.
Ийм л цолны эзэн, түрүүч Б.Мянганбаяр Архангай аймгийн Ихтамир сумаас 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж. 12 дугаар ангиа төгсөөд л ирж. Намар цэргийн зарлан ирэхэд аав нь “Миний хүү цэрэгт яв. Цэрэгт явсан хүүхдүүд аавтай нь хамт ажилладаг юм. Тэдний арга барил, хариуцлага хүлээх чадвар, биеэ авч яваа байдал нь үнэхээр өөр байдаг юм байна” гээд цэргийн албаны талаар үгийн сайхнаар магтан ярьж. Хүү ч аавынхаа захиасыг биелүүлэхээр цэрэгт ирээд өдгөө бүр нөхдөө удирдан чиглүүлдэг тасгийн захирагч болж, цол нэмсэн нь энэ ажээ.
                    Гурав дахь тасгийн захирагч түрүүч Шагжсүрэнгийн Баттулга нийслэлийн Чингэлтэй дүүргээс цэргийн албанд ирсэн, МУИС-ийн холбооны технологийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан залуу байна. Мэдээж цэргийн албанаас халагдмагцаа үргэлжлүүлэн суралцаж, сайн холбоочин болох нь түүний зорилго. “Тасгийн захирагч хүн ямар байх ёстой вэ” гэсэн асуултад “Дээд дарга нарынхаа өгсөн үүрэг, даалгаврыг ягштал биелүүлдэг, өөрийн хүлээсэн үүргээ сайн мэддэг эр цэрэг байх ёстой. Үүнийг би дээд дарга нар, дэргэдэх нөхдийнхөө сайн холбогч гэж ойлгож байна. Анх 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын өдөр ангийн захирагч хэд хэдэн байлдагчид ахлах байлдагч цол хүртээсэн. Тэгэхэд бид аав ээжийнхээ өмнө цол хүртсэндээ маш их баярласан шүү. Аав ээж минь биднээс ч илүү баярласан. Харин хугацаат цэргийн алба хаагчдын шинэ жилээр ангийн захирагч түрүүч хэмээх энэ хүндтэй цолыг бид гуравт хүртээсэнд маш их баяртай байгаа. Хэдийгээр цолоо зүүгээд удаагүй байгаа ч гэсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, сайн тасгийн захирагч болох ёстой гэдгээ ойлгож байгаа гээд гурван түрүүч дуу нэгтэйгээр “Монгол Улсын төлөө зүтгэе!” хэмээн ёслох нь дотно сайхан санагдлаа.
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106