
Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Австри, Итали, Швейцарь, Герман, Норвеги Улсад зохион байгуулагдаж байгаа өвлийн спортын дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна. Тэрээр маргааш буюу энэ сарын 08-ны өдөр Герман Улсад зохиогдох дэлхийн цомын төлөөх ээлжит уралдаанд орон орны шилдэг биатлончидтой өрсөлдөнө. Үргэлжлээд 01 дүгээр сарын 14-ний өдөр мөн уралдана.
ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайханы хувьд "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадамд эрх авах боломж дүүрэн байна. Дэлхийн цомын үзүүлэлтээр эрхээ авч чадаагүй тамирчид хувийн оноогоо ахиулж / IBU Qualifying points / Италийг зорих боломжтой юм. Өнгөрсөн улирлын дараах үзүүлэлтээр Э.Энхсайхан олимпын үлдсэн 12 эрхийн төлөө өрсөлдөж байгаа 20 тамирчнаас 16 дугаар байрт жагсаж байна.
Жагсаалтыг Молдав Улсын тамирчин Максим Макаров 51.31 оноотой тэргүүлж байгаа бол дэд ахлагч Э.Энхсайхан 126.26 оноогоор 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Гэхдээ энэ цаг үед явагдаж байгаа тэмцээнүүддээ сайн оролцож, оноогоо цуглуулж чадвал Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч залуу өвлийн олимпод оролцох түүхэн боломж тохиох юм. “IBU Qualifying points” гэдэг нь тамирчны гүйцэтгэлийг хэмждэг онооны систем юм. Тухайн тэмцээний ялагчаас хоцорсон хугацааг хувиар тооцдог учраас оноо бага байх тусам сайн үзүүлэлт гэж үзнэ.
Хэрвээ манай улсын тамирчны хувьд 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх Олон улсын биатлоны холбооны дэлхийн цуврал тэмцээнд амжилттай оролцож, хувийн оноогоо 90-100 руу багасгаж чадвал олимпын эрх авах боломж нэмэгдэнэ гэсэн үг.
Дэд ахлагч Э.Энхсайханы оролцож буй тэмцээний хуваарь:
12-р сарын 4-8 Обертиллиах, Австри Дэлхийн цом /IBU cup/
12 сарын 12 Хохфильцен, Австри Дэлхийн цом /IBU cup/
12-р сарын 13-15 Риднаун, Итали Дэлхийн цом /IBU cup/
12-р сарын 17-20 Ленцерхайде, Швейцарь Дэлхийн цом /IBU cup/
1-р сарын 8-11 Арбер, Герман Дэлхийн цом /IBU cup/
1-р сарын 14-18 Рупольдинг, Герман Дэлхийн цом /IBU cup/
01/28-02/03 Шушёэн, Норвеги Дэлхийн цом /IBU cup/
Өвлийн олимпын наадамд оролцох биатлоны тамирчид 1 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн тодорно.
Монголын биатлоны шигшээ багийн тамирчид өнгөрсөн зун Беларусь улсын Раубичи бааз, Казахстан улсын Шүчинск баазад, өвлийн бэлтгэлээ Австри улсын Тирол мужид тус тус хийсэн байна. Шигшээ багт Европын залуучуудын аварга ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан болон Б.Анхболд, М.Должинсүрэн, Ж.Гантулга , Х.Сумъяа нар багтсан бөгөөд тэд Беларусь Улсын гавьяат дасгалжуулагч Александр Владимирович Попов болон Зайцев Слав нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа гүйцэтгэж, уралдаан тэмцээндээ оролцож байна.