• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИХ БУУЧИД 105 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-12 11:04:30
Үзсэн: 150

ИХ БУУЧИД 105 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-12 11:04:30 Үзсэн: 150



 
       Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчинд Артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний 105 жилийн ой энэ 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тохионо. “Үхвэл нэг довон дээр, сэхвэл нэг довон дээр” тангарагтай “Улаан залаат их буучид”-ын байгуулсан гавьяаг тоочиж баршгүй.
 
     Өнөө цагийн хэллэгээр, багаар ажиллахын үлгэр жишээг үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл үлгэр жишээчээр харуулж, сурталчилж байгаа Артиллерчин дайчдын төлөөлөл 200 гаруй артиллерчид өнөөдөр Багабаянд хуран цугларч, түүхт 105 жилийн ойгоо угтсан нээлтийн ажиллагааг “Байгальд алхья- Артиллерчид нэгэн зүгт” уриатайгаар зохион байгууллаа. “Монголын артиллерийн цэргийн холбоо”-ноос зохион байгуулсан эл арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба хүрэлцэн ирж, утга төгөлдөр үг хэлж оролцсонд, нийт артиллерчид сэтгэл нэн хангалуун байсаан. Яагаад гэвэл, цэл залуухан насандаа энэ том айлыг удирдах хувь тавилантай энэ генерал Артиллерийн мэргэжлийн хүн ажу.
Эл ташрамд бяцхан түүх сөхвөөс, Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчний 100 гаруй жилийн түүхэнд “Зэвсэгт Хүчний Жанжин Штаб” гэдэг нэр нь хүртэл сүр далайцтай том айлыг Артиллерийн цэргээс төрсөн Б.Цог, Ч.Пүрэвдорж, А.Ганбат нарын нэртэй генералууд өмнө нь удирдаж ирснийг бахархан тэмдэглэхэд таатай байна.
       Мөн өдөр 10 км-ийн уулын алхалтыг Цохио хадны чиглэлд амжилттай үйлдэж, алхалтын явцад хөгжөөнт тоглоом, үдийн амтат цай зэрэг бие сэтгэлийн чилээг гаргасан олон үйл давхар хийгдсэн нь таашаалтай байлаа.
     МАЦХ-ны тэргүүн, МЦНХ-ны Ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, нэгэн цагт Артиллерийн цэргийн томоохон бригадыг удирдаж явсан, бэлтгэл хурандаа Н.Доржханд, ангийн захирагч, асан, бэлтгэл хурандаа Л.Тогтох, Д.Гантулга нарын нэртэй хурандаа нар хүрэлцэн ирсэн юм.
 
        Энэ үеэр МАЦХ-ны Хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан, бэлтгэл хурандаа Ө.Батмөнх дүүдээ өнгөрсөн оны 05 дугаар сард огноолон өмнөтгөл үг бичсэн “Баян нутаг-Дэлгэр сэтгэл” номоо дурсгаж амжив. Тэр бээр эл ном хэвлэгдсэн тэр цагт миний дансанд хэдэн борыг шилжүүлсэн ч, өгөлцөж амжихгүй байсаар өнөөдрийн өдрийг хүрсэн нь ийм буюу. Нөгөө тухайд эрхэм хурандаа дүү маань, өмнө нь энэ холбоонд миний хийж байсан албыг залгуулж, өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцсоныг тэмдэглэх юун. Цэргийн сургуулийн үе үеийн төгсөгчид олноор хүрэлцэн ирсний нэгэнд, тэртээ 1980 онд ЦЕДС-ийг Артиллерийн мэргэжлээр, курсын орлогч, өдгөө бэлтгэл хошууч Б.Болдбаатарын командад дүүргэсэн Ж.Батхүү, С.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, З.Ганбат, Б.Зоригт нарын бидний долоон бэлтгэл офицер идэвхитэй оролцсоныг эцэст нь тэмдэглэхэд таатай байна.
Ингээд, хэдэн жилийн өмнө, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хурандаа Н.Чулуунхүү ахтайгаа зохиосон, өдгөө “Артиллерчдын сүлд дуу”-гаар албан ёсоор батлагдсан “Авралын бурхан их буу” дууныхаа эхний дөрвөн мөрт болох:
Тэнгэрт цойлон исгэрэх сум нь
Жихүүн салхийг сөрөн дүүлдэг ээ!
Тэнд л тэсэрсэн ширмэн мөндөр нь
Магадлах онолын мадаггүйг баталдаг аа!
Аюулт дайныг зайлуулахад
Авралын бурхан нь их буу л байдаг аа!
Ялалтын тугаа өргөхөд нь ч
Ёслолын буудлага нь их буу л байдаг юм аа!... гэсэн шүлгээрээ цэг тавин жаргаа юү.
                                                                                                                                              Нийтлэлийг цэргийн ахмад сэтгүүлч, зохиолч, бэлтгэлд байгаа дэд хурандаа Г.БААТАРНУМ
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106