Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас нэгтгэл, ангийнхаа илт мэдээ мэдээллийг олон нийтэд сурталчлахад идэвх санаачилгатай ажиллаж буй зарим алба хаагчдад баяр хүргэж, талархал дэвшүүлэв. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчдадаа соёл хүмүүжлийн ажлыг тасралтгүй зохион байгуулж, дайчдын талаарх эерэг контент, рийл, нийтлэлээр дамжуулан цэргийн албыг сурталчилж буйг онцлон сайшаав.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал шинэ оны босгон дээр дэслэгч Б.Сугармаа (327), дэд ахлагч Э.Отгонжаргал (256), хошууч О.Отгонцэцэг (186), дэслэгч Э.Тогосмаа (336), дэслэгч Б.Хишигнэмэх (119), ахлах дэслэгч Б.Халиун (120), ахлах дэслэгч Л.Долгоржав (016) нарт үндсэн ажлынхаа хажуугаар орон тооны бус хэвлэлийн төлөөлөгчийн албыг хавсран гүйцэтгэж түрүүч, байлдагч нараа сурталчилж буйд нь талархал дэвшүүлсэн юм.

Аливаа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, таниулахад салбарын цэргийн сэтгүүлч болон нэгтгэл, ангийн орон тооны бус хэвлэлийн төлөөлөгч нарын үүрэг асар их. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил цэргийн сэтгүүлчдийн нуруун дээр яваа гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ олон нийтэд салбарынхаа мэдээ мэдээллийг илүү хүртээмжтэй, зөв оновчтой хүргэхийн тулд өөрсдийгөө чадавхжуулах шаардлагатай байгааг ч тэрээр дурдсан юм.