
2020 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид цэргийн эрдэмд шамдан суралцсаар байна. Тэдний нэг болох Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Өлзийнаранг энэ удаагийн дугаартаа онцолж байна.
Эрхэм байлдагч Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бямбаагийн Өлзийнаран гэдэг. Өмнөговь аймгийнх. Аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө СУИС-ийн язгуур урлагийн ангид элсэн суралцаж байгаад хоёрдугаар дамжаанаасаа ар гэрийн асуудлаар сургуулиа орхисон. Гэсэн ч хөгжимчин болох хүсэл мөрөөдөл маань орхигдоогүй. Аймагтаа хөгжмийн мэргэшсэн сургалтад хамрагдаад Ханбогд сумын хөгжимчнөөр ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан нь энэ юм. Анх цэргийн зарлан ирэхэд ямар ч эргэлзээгүй шууд л явна гэдгээ гэр бүлдээ хэлсэн. Тэд маань ч “Сайн байна. Эр хүн болж төрсний гавьяа нь цэрэгт явах юм” гээд маш их дэмжсэн шүү.
Цэрэгт ирээд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Маш их сайхан байна. Ирээд удаагүй байхад өглөө эрт босох, гүйх зэрэг нь хэцүү юм шиг санагдаж байсан ч өнөөдөр бодол, сэтгэлгээ нь өөрчлөгдсөн. Харин ч гүйх, жагсаалаар алхах, сургалт бэлтгэлээс эрч хүч авдаг болсон байна. Цэргийн алба амьдралын их сургууль юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрч байгаадаа маш их баяртай байгаа шүү. Тэр дундаа эгнээнээсээ Монгол Улсын 10 баатар төрүүлсэн, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд алба хааж байгаадаа баяртай байна. Олон ч сайхан найз нөхөд, онжавуудтай болсон доо.
Та бас хөөмий тоглодог байх аа?
-Тийм ээ. Цэргийн дарга нар маань надаас “Танд урлагийн авьяас байгаа юу” гэж асуухад нь маш их баярласан. Учир нь авьяасаараа онжавууддаа бэлэг барихыг маш их хүсэж байсан юм. Би морин хуур тоглож бас хөөмийлж чадна. Одоо бүр Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан хамт олон шалгаруулах уралдаанд оролцохоор бэлтгэл хийж байгаа.
Цаашдын таны төлөвлөгөө?
-Цэргийн хүн болох юм. Албаа нэр төртэй хаачихаад ҮБХИС-д цэргийн хөгжимчнөөр элсэн суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хөгжмийн салаанд ирж ажиллана. Энэ миний мөрөөдөл болсон.
Хайртай гэр бүлийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа хайрт аав, ээж, хань болон хүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Хүү нь албаа сайн хаагаад маш сайн байгаа.Та бүхэн минь цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг сайн баримталж байгаа гэдэгт итгэж байна. Саяхан нээрээ хүү нь Цэргийн тангараг өргөсөн. Тэр үеэр өөрөөрөө бахархаж, омогшсон. Хэрэв цар тахал ингэж хүндрээгүй байсан бол хайртай хүмүүс маань намайг хараад бахархах байсан даа гэж бодоод л Байлдааны тугандаа мэхийсэн дээ. Бяцхан хүүдээ маш их хайртай шүү, аав нь.
Дэслэгч Ц.БАДАМСҮРЭН (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)