• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРЛИЙН ЦЭРГҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2021-01-08 10:44:39
Үзсэн: 63

ТӨРЛИЙН ЦЭРГҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2021-01-08 10:44:39 Үзсэн: 63



Зэвсэгт хүчний Жанжин штабын тайлангийн хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм генерал, офицерууд Та бүхэнтэй он солигдох мөчид дахин уулзаж, ЗХЖШ-ын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хуралд оролцож байгаадаа баяртай байна.

Тайлангийн хуралд тавигдаж байгаа илтгэл, дүнгээс харахад 2020 он Зэвсэгт хүчний хувьд нэлээдгүй ажлыг амжуулсан, амжилт бүтээл дүүрэн жил байсныг илтгэж байна. Улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас төлөвлөгөөт зарим арга хэмжээ тасалдсан хэдий ч Монгол Улсын Зэвсэгт хүчин 2020 онд мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд ахиц гаргасан, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж дүгнэсэн, цаашдын үйл ажиллагааны зорилго, зорилтоо тодорхойлсон, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Зэвсэгт хүчний удирдлагын байгууллагын тогтолцооны шинэчлэлийн эхлэлийг тавьсан, төрлийн цэргийг шинээр байгуулсан, стратегийн дэлгэн байгуулалт, дайчилгаатай холбоотой стратегийн төлөвлөлтийн томоохон баримт бичгүүдээ батлуулсан, улс орны томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний алба хаагчдаа оролцуулсан, алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгаалалд анхаарсан онцлог жил боллоо гэж үзэж байна.

Би Та бүхэнд батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд 2020 онд хийж хэрэгжүүлсэн зарим онцлог ажлаас товч дурдах нь зүйтэй байх гэж бодож байна.

УИХ-ын 2020 оны ээлжит хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад урьд байгаагүйгээр өргөжин хөгжих эрх зүйн зохицуулалттай болсон. Ингэснээр Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг болон Барилга-инженерийн цэргээс бүрдэхээр хуульчлагдсаныг та бүхэн мэдэж байгаа.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчинд “Тусгай хүчний цэргийн командлал”, “Кибер аюулгүй байдлын цэргийн командлал”, “Барилга-инженерийн цэргийн удирдах газар” байгуулах шийдвэрийг гаргаж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулснаар шинэ төрлийн цэргийн удирдлагын байгууллагууд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Шинэ төрлийн цэргийн командлалуудыг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах, үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаад байгаа талаар ЗХЖШ-ын дарга надад илтгэсэн.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлж байна. Энэхүү хуулиар “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай сангийн төрөлд хамааруулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар, нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийж байгаа.

Энэ хуульд нэмэлт оруулснаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаар энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа цэргийн алба хаагч залуусын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Мөн долоо хоногийн өмнө УИХ-аар “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг батлууллаа.

Энэхүү хэлэлцээрийг батлуулснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2020 он Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлсон жил байлаа. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсан. Энэхүү Засгийн газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталгаажаад байна.

Тус хөтөлбөрт “Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ” гэсэн тэргүүлэх зорилтын хүрээнд 9 дэд зорилт, 48 арга хэмжээг ирэх дөрвөн жил хэрэгжүүлэхээр тусгалаа. Төрөөс дэвшүүлсэн энэхүү зорилт, арга хэмжээг Зэвсэгт хүчний удирдлага Та бүгдтэйгээ хамтран хэрэгжүүлнэ.

Саяхан Засгийн газрын хуралдаанд 2020-2024 онд батлан хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдээ танилцууллаа. Энэхүү томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд Улсын агаарын хилийн хяналтын системийн чадавхыг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын Дата төвийг байгуулах, Зэвсэгт хүчний удирдлагын төв, Зэвсэгт хүчний Жанжин штабын барилгыг шинээр барих, бага бууны сумны үйлдвэр байгуулах, Налайх аэродромын үндсэн зурвасыг сэргээн засварлах, Зэвсэгт хүчний анги, байгууллагын мэдлийн тусгай хэрэгцээний газарт албан тушаалын орон сууц барих, “Цэргийн жишиг хотхон” төслийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарыг туулах чадвар сайтай тусгай зориулалтын болон цэргийн тээврийн хэрэгслээр хангах зэрэг ихээхэн хөрөнгө, хүч шаардсан төсөл, арга хэмжээ багтаж байгаа юм.

“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Удахгүй хөтөлбөр батлагдаж ирэх дөрвөн жилд мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх дунд хугацааны зорилго, зорилт, хүрэх үр дүн тодорхой болох юм.

Цаашид “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Тагнуулын байгууллагын тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, Дайны байдлын тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусган баталгаажуулаад байгааг энд дуулгая.

2020 онд ЗХЖШ Зэвсэгт хүчний стратегийн удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Батлан хамгаалахын сайдаар батлуулсан нь 2009 оноос хойш хүлээгдэж байсан энэхүү стратегийн төлөвлөлтийг зориглон боловсруулж, шийдвэрлүүлсэн чухал арга хэмжээ болсонд Сайд миний бие үүнд талархалтай ханддаг.

Би Батлан хамгаалахын сайдын ажлыг хүлээж аваад салбарынхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг Зэвсэгт хүчний хөгжилд бодитой өөрчлөлт, шинэчлэл хийх тийм л бодлогоор өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.

Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, тухайн улс бүртэй хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, Засгийн газрын болон Батлан хамгаалахын сайдын бодлого, зорилтын хүрээнд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдын Батлан хамгаалахын атташе чухал үүрэгтэй. Энэ ч утгаараа ОХУ, БНХАУ, АНУ, БНТУ-д суух Батлан хамгаалахын атташе, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхийг тус тус томилж, үүрэг ажилд нь оруулаад байна.

2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон улсын болон хамтарсан сургууль, дадлагууд халдварт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх нь хэрэгжээгүйг Та бүхэн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч АНУ-ын тусгай хүчинтэй хамтарсан “Баланс мэжик-2020” тусгай хүчний хээрийн сургалт, дадлага, ХБНГУ-тай хамтарсан “Уулын явган цэргийн сургалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулж, ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийг 2 улсын нутаг дэвсгэрт нэгэн зэрэг явуулж, тус сургуулийн команд-штабын сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийг оролцууллаа.

Бид дэлхийг нөмөрсөн цар тахлын энэ хүнд цагт Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн “Цэргийн хамгаалалтын рот”-ын 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг 2020 оны 7 дугаар сард анх удаа үндэсний агаарын тээврийн онгоцоор татан авлаа. Тус багийн 11 дүгээр ээлжийн бүрэлдэхүүнээ ч энэ байдлаар эх орондоо авч ирэхээр ажиллаж байна.

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа дайчид маань коронавирусийн халдвар авсан сураг дуулаад Батлан хамгаалахын сайд би ихэд санаа зовж байлаа. Харин манай цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн сэтгэл зүйн өндөр чадвар, залуу хүний эрүүл, чанга бие бялдрын хүчээр энэхүү өвчнийг даван гарч чадлаа.

Дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа цэрэг, дайчид та бүхнээрээ үргэлж бахархаж явдгаа илэрхийлье.

Салбарынхаа шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа, туршилтын ажлыг хөгжүүлэхэд анхаарах цаг ирсэн гэж бодож байгаа. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи, харьяа эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг бааз, эрдэмтэн, судлаачдын оюуны чадавхад түшиглэн улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын төслүүд боловсруулан хэрэгжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

Энэ онд Зэвсэгт хүчний Жанжин штабаас цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны машины эхний загвар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн шинэ загварыг бүтээсэн нь дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэх үндэс суурийг тавьсан чухал ажил болсныг Сайд би энд онцлон дурдмаар байна. Цаашид энэ эрчээрээ үргэлжлүүлэн ажиллавал цэргийн зориулалттай зэвсэг, техник хэрэгслийг дотооддоо олноор үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна. Ийм Зэвсэгт хүчинд наалдацтай, хөгжлийн бодлогод нийцсэн, инновацад суурилсан, төсөв хөрөнгө хэмнэсэн бүтээлч ажлуудыг Батлан хамгаалахын сайд дэмжиж ажиллана.

Мөн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын орон тоог шинэчилж, шилжүүлсэн, ангиудын штабын бэлэн байдлын үзлэг зохион байгуулсан, нэгтгэл, анги, салбарын байлдааны болон сургууль-байлдааны техникт улирлын болон нэгдсэн үйлчилгээ, сэргээн сайжруулалт хийсэн нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон байна. Ялангуяа бэлэн байдлын бодит түвшинг дээшлүүлсэн сайн ажил болсныг онцлон тэмдэглэж байна.

2020 он бүтээн байгуулалтын жил байлаа. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төрөөс даалгасан улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад маш сайн ажиллаж байгаа. Энэ онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж явахад ийм стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай, манай барилга-инженерийн цэрэг л богино хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж чадах юм байна гэж бодогдож байсан.

Бүтээн байгуулалтын ажилд оролцсон барилга-инженерийн цэргийн ангийн бие бүрэлдэхүүндээ Зэвсэгт хүчний нэрийг өндөрт өргөж ажилласан явдалд баярлаж байгаагаа илэрхийлье.

Энэ онд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн жил байлаа. Засгийн газрын шийдвэрээр 591 офицер, ахлагч, ахмад дайчид, ажилтан, алба хаагчид амьдарч байгаа албан тушаалын байраа хөнгөлөлттэй үнээр /562/ болон үнэгүй /29/ хувьчилж аваад байна.

Эрхэм генерал, офицерууд аа!

Та бүхэнд Батлан хамгаалах талаар 2020 онд хийж хэрэгжүүлсэн зарим онцлог ажлаас товчхон танилцууллаа.

Одоо Батлан хамгаалахын сайдын хувьд Та бүхэнд ирж буй 2021 онд ажил, албандаа анхаарч ажиллах зарим нэг зөвлөмж, үүрэг, чиглэлийг өгье.

  •  Зэвсэгт хүчинд шинээр байгуулагдсан төрлийн цэргийг бэхжүүлэх, дүрмийг батлан, командлал бие дааж үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, эхнээс ул суурьтай үндэс суурийг зөв тавих нь зүйтэй.
  • “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бодитойгоор, хэрэгжихүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулж 2021 оны эхний улиралд багтаан надаар батлуулах хэрэгтэй.
  • “Жишиг цэргийн хотхон” төслийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс хэрэгжүүлж эхэлнэ. ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал энэ ажлыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллаарай.
  • Зэвсэгт хүчний алба хаагчдын ёс зүй, шударга байдал, сахилга хариуцлага, ажил албандаа хандах хандлагын талаар шат шатандаа онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд мөрдөгдөж буй хууль, дүрэм, ёс зүйн шаардлагуудыг тууштай, ягштал мөрдөж ажиллах нь салбарын хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлээд зогсохгүй, алба хаагчдын эрхэлсэн ажилдаа хандах хандлагыг өөрчлөхөд нэн чухал ач холбогдолтой.

Засгийн газрын зүгээс ч төрийн албаны шинэтгэл, төрийн алба хаагчийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэхийг төрийн байгууллагуудын тэргүүн зэргийн зорилт болгон тавьж, шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Ерөнхий сайдын баримталж байгаа шударга байх, ёс зүйтэй байх, эрхэлсэн ажилдаа эзэн байх, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлж ажиллахыг энд дахин онцолж, сануулж байна. Энэ чиглэлээр Батлан хамгаалах салбар манлайлагч, үлгэр жишээ салбар байх ёстой. Цэргийн алба, цэргийн хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол, зөрчил буурахгүй, улмаар цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Энэ талаар БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудаас нэгтгэл, анги, байгууллагуудад өгсөн үүрэг, даалгавар, санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж чамлахааргүй олон байгаа ч, гагцхүү тэдгээрийг ажил хэрэг болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хэвшүүлэх бүх шатны захирагч, дарга, албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, дотоодын хяналт шалгалтын чанар, үр нөлөөг эрс сайжруулах, уг асуудалд цэргийн алба хаагч бүр ухамсартай хандахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Бүх үйл ажиллагаа хууль, дүрмийн хүрээнд явагдах учиртай. Осол, зөрчил гаргасан хэн ч бай хариуцлага хүлээх учиртайг дахин сануулъя. Шат шатандаа анхаарах хэрэгтэй. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед улс орны эдийн засгийг дэмжих, төсвийн алдагдлыг бууруулах, гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэргүүдэд шилжсэн үед төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу, хэмнэлттэй зарцуулах, батлагдсан төсвийнхөө хүрээнд өмнөө тавигдсан зорилгоо биелүүлэх, бодлого хэрэгжүүлж байгаатай уялдуулж, бүх шатанд төсвийн сахилга батыг чанд сахиж ажиллах үүрэг, хариуцлага та бидэнд зүй ёсоор тавигдаж байгаа.

Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан ирэх онд улсын хэмжээнд төсөв, санхүүгийн хүндрэл үүсэх, эдийн засгийн чадавх сулрах хандлагатай байна. Иймд батлагдсан төсвийг зардлын зүйл ангилал, зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулах, төсвийн бодит хэмнэлт гаргахад анхаарч, төсвийн үргүй зардлыг таслан зогсоох, өмнөх жилүүдэд Үндэсний аудитын газраас өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлтийг ханган ажиллах, гаргасан алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр урсгал зардлыг санхүүжүүлэхийг бууруулж, сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын арга хэмжээнд түлхүү хуваарилах боломжийг хангах, барилга-инженерийн ангиудыг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаас олсон орлогыг Зэвсэгт хүчний хөгжлийн санд бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Ирэх онд Батлан хамгаалах яамны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 гээд олон ой тохионо. Мэдээж ойн жилийг 2021 оны үйл ажиллагаатайгаа уялдуулж ажиллах хэдий ч төсвийн хүрэлцээ, нөөц хязгаарлагдмал үед олон нийтийн дэмжлэг, ард түмнийхээ оролцоотойгоор ойгоо нийтэд хүртээмжтэй, өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж бодож байна. Энэ баяр бидний бахархлын баяр болох учиртай.

Та бүхэн ч гэсэн ой угтсан бүтээлч аян өрнүүлж, олон сайхан ажлуудыг хийж хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингээд миний өгсөн зөвлөмж, үүрэг, чиглэлд анхаарлаа хандуулсан Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та бүхэнд баярлалаа. Та бүхэнд улирч буй онд хэрэгжүүлсэн ажил үйлсээ улам бататгаж, 2021 ондоо ихийг бүтээж, их ойн жилээ амжилт бүтээлээр дүүрэн угтаж, эх орноо Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ ирж буй шинэ жилийн баярын мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зүгээс болон сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье.

Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг!

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113