
Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан залуус цэргийн гэрээт алба хаагчаар улирч үлдэх сонирхол дүүрэн байдаг билээ. Хугацаат цэргийн алба хаагчаас цэргийн гэрээт алба хаагч, бүр цаашлаад ахлагч, офицер болон дэвшсэн нь ч тэдний дунд цөөнгүй байдаг юм. Энэ утгаар нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, хамт олон хугацаат цэргийн алба хаагчдадаа цэргийн гэрээт албаны талаар яриа таниулгыг тогтмол явуулж ирсэн бөгөөд энэ удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн гэрээт алба хаагчид албаныхаа талаар хийсэн яриа байв. БНӨСУ-д явагдаж байгаа "UNMISS" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн батальонд үүрэг гүйцэтгэсэн түрүүч Б.Батзаяа, Г.Бат-Эрдэнэ, дэд түрүүч Э.Санжаасүрэн, ахлах байлдагч Э.Буяндалай нар 2020 онд татагдсан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад халдвар, хамгааллыг дэглэмийг баримтлан уулзалт зохион байгуулсан юм. Тэд цэргийн гэрээт албыг сонгох болсон шалтгаан, сонгосноороо өөрөө хэрхэн хөгжиж дэвшсэн, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлага сургамж гээд албаныхаа талаар бахархал дүүрэн өгүүлж, байлдагч нарын сонирхсон асуултад хариуллаа. Уулзалтын төгсгөлд тэд “Цэргийн албанд хэрэв та “дурласан” бол тултал нь зүтгэ. Хариуг нь тань эх орон нь заавал өгдөг юм. Эх орондоо зүтгэнэ гэдэг эр хүн бүрт олдоггүй ховор завшаан. Та бүхний ирээдүй гарт тань байна. Албаа сайн хаагаарай” гэдэг үгээр төгсгөсөн юм.
Дэслэгч Г.Отгонгэрэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)