• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭХ ДАЙЧИЛГААНЫ АЛБА
Нийтэлсэн: 2021-03-12 16:00:38
Үзсэн: 297

100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭХ ДАЙЧИЛГААНЫ АЛБА
Нийтэлсэн: 2021-03-12 16:00:38 Үзсэн: 297



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар

"Дайчлан зохион байгуулах" хэмээх нэгэн их айлаар овоглож явсан ахмадуудын санаачилгаар 2017 онд “Зэвсэгт хүчний цохилох зүрх” хэмээх дурсамж, дурдатгалын номон суварга босчээ.

Номын өмнөтгөлд бэлтгэл хурандаа Ч.Батцэрэн “Дайчлах албаны түүх судлалд бага ч гэсэн хувь нэмэр оруулах, өнгөрсөн, одоо, ирээдүйн залгамж чанарыг холбож өгөх, цөөн тооны ч гэсэн ахмадуудын үнэтэй сургамжийг авч үлдэх болон тус албаны үүрэг болох тайван цагт ч, дайны үед ч тэргүүлэх үүрэгтэй, үүрэг хариуцлага нь өндөр байж ирсэн, байх ч ёстойг ахмадуудынхаа түүхэн замналаар харуулахыг зорьсон болно. Тэгэхдээ Дайчлан зохион байгуулах хэлтэс татан буугдсан 1992 оноос хойших хугацаанд энэ системд ажиллаж байсан хүмүүсийн дурдатгалыг бараг оруулаагүйн учир нь хойч үеийнхэн түүхээ бүтээж 110, 120, 130 гэх мэт тэмдэглэлт жилүүдэд түүх шастираа үргэлжлүүлэн бичнэ гэдэгт итгэнэм” хэмээн бичсэн буй. Уг номыг дайчлах хэлтсийн 100 жилийн ойгоор буюу 2011 онд гаргахаар төлөвлөсөн боловч материал цуглуулах, эх бэлтгэх, хөрөнгө босгох, хэвлүүлэх зэрэг түмэн бэрхшээлийг туулсаар 2017 онд уншигчдын гар дээр очсон юм. Энэ суваргын өндөр үүдийг нээж буурал хурандаагийн тэрлэсэн дээрх өгүүлбэрийг дахин дахин уншсаны эцэст ийнхүү үзэг цаас нийлүүлэн дайчлах албаны түүх, өнөө ба ирээдүйн талаар уншигч олонтойгоо санаа бодлоо хуваалцахаар сэтгэл шулуудсан минь энэ ээ.

1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, улс үндэстнээ тунхаглан зарлаад мөн оныхоо 11 дүгээр сарын 29-нд Богд хааны зарлигаар Засгийн газрын таван яам байгуулагдсаны нэг нь Цэргийн яам билээ. Тус яам гурван хэлтэстэй байсны нэг нь Цэргийн засгийг явуулах хэлтэс бөгөөд цэргийн засаг цаазыг тараах, хамгаалах, тохижуулах, дайлаар одуулах, түшмэл цэргийг дайчлах, мордуулах, татах, чуулган чуулах, өртөөлөх зэрэг хэргийг эрхэлж байжээ.

Үүнээс үзвэл Богд хаант Монгол Улсын анхны таван яамны нэг болох Цэргийн яаманд дайчлах албаны чиг үүрэг бүхий нэгж байгуулагдаж байсныг түүх гэрчилнэ. Ингээд Ардын хувьсгалтай золгоод МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газрын гишүүдийн 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Сангийн, Дотоод явдлын, Цэргийн явдлын гэсэн 3 яам байгуулах шийдвэр гарсан бөгөөд Цэргийн явдлын яамны бүтэц орон тоог байлдааны, дайчлах гэсэн хоёр хэлтэстэй байхаар тогтоожээ. Мөн дайчлах хэлтсийн эрхэлсэн түшмэлд Лаврын Сумьяаг томилсон байдаг. Энд нэгэн зүйлийг нэгтгэн дүгнэвэл Монгол төрийн тулгын чулуу болсон анхны яамдын нэг болох Цэргийн явдлын яамны бүтцэд дайчлах алба анхдагч нь болон мэндэлсэн түүх ийм ажгуу.

Ардын хувьсгалын ялалтын дараа өдрөөс эхлэн Ардын журамт цэргийг өргөтгөх асуудлыг ЦЯЯ-наас онцгойлон анхаарч байсны нотолгоо нь 1921 оны 7 дугаар сард анхны дайчилгааг зарласан явдал юм. Энэ тухай ЦЯЯ-ны сайд Д.Сүхбаатарын гарын үсэг бүхий МАН-ын Төв хороонд илгээсэн бичигт идэр чадалтай эрчүүд үлэмжхэнийг хуримтлуулан цэргийн сургууль шамдан боловсруулж, дотоодыг хамгаалах, гадаадыг сэрэмжлүүлэх нь нэн чухал байгааг тэмдэглээд 2000 цэрэг дайчлан татсан болохыг мэдэгджээ. Үүнээс хойш 1932 оны бослого хөдөлгөөн, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947 оны Баруун хилийн тулгаралтаас гадна улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулахад идэр эрчүүдийг дайчилсан олон үүргийг ЦЯЯ-ны Дайчлан зохион байгуулах хэлтэс нэр төртэйгөөр тухайн цаг үедээ биелүүлж ирсэн.

Тухайлбал, 1960-аад оны эхэн үеэс 1980-аад оны эцэс хүртэл хүйтэн дайны жилүүдэд улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, МАА-ийг өргөтгөн зохион байгуулах өргөн цар хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлахынхан манлайлан оролцжээ. Энд нэгэн баримтыг та бүхэнд сонирхуулъя. Бэлтгэл дэд хурандаа Б.Жамьянсүрэн дурдатгалдаа “Намайг ажил авахад орон тоог ЗХУ-д захиалан хийлгэдэг. Ирсэн орон тоог орчуулан хэрэглэдгээс хугацаа их алддаг, орон тоо нэмэгдүүлэх хүсэлт их ирж бөөгнөрөл үүсдэг байсны зэрэгцээ жилийн эцэст орон тоо боловсруулан нийлүүлсний төлбөрт их хэмжээний валютын нэхэмжлэл ирж, хоёр орны найрамдалт харилцааг бодоод үг дуугүй төлдөг байсныг олж мэдсэн юм. Үүний дараа орон тоог өөрсдөө боловсруулан МАА-ийн нэгтгэл, ангийн бүтцийг байлдааны, байлдааныг хангах, ар тал, үйлчилгээний гэсэн ангилалд оруулан тэдгээрийн харьцааг буй болгоход анхаарч ажиллаж байлаа” хэмээн тэмдэглэжээ.

1991-1992 оны дайчлах албаны зохион байгуулалтын өөрчлөлт

Дайчлах албаныхны нэгэн чухал үүрэг бол дайчилгаатай хээрийн сургууль юм. МАА-ийг ид өргөтгөж байх үед дайчилгаатай хээрийн сургуулийг олон удаа зохион байгуулж байсан түүх байдаг. Энэ тухай дайчлахын ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа П.Даваачимбуу дурсамждаа өнгөрсөн хугацаанд явагдсан дайчилгаатай сургуулиудын сургамжийг нэгтгэж гарын авлага боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үед арми мотобуудлагын дивизион хүртэл бүх нэгжийг дайчилгаагаар өргөтгөн, баялаг туршлага хуримтлуулсан үе байлаа. Ингээд ажилдаа орж байтал Армийн штабыг татан буулгах шийдвэр гарч энэ ажил зогсож билээ” хэмээн харамсангуй дурссан байдаг.

Дээрх сургуулиудаас хамгийн том нь Төв аймагт болсон 5мбд-ийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулсан “Зоргол-87” хээрийн сургууль байсан гэж үүнийг тэрлэгч миний бие уг сургуульд оролцож байсны хувьд баттай хэлж чадна. Хошууч генерал Ц.Галсан асан “Би 1989 оноос ЗХЖШ-ын 4 дүгээр газарт хэлтсийн даргаар ажиллахад тус хэлтсийн хамт олон ажлаа мэддэг, эвсэг, гүйцэтгэх чадвар сайтай, ээдрээтэй олон асуудлыг шийдвэрлэж чаддаг, нэн ялангуяа Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнээс Улс ардын аж ахуйд өгөх дайчилгааны даалгаврыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, нэгтгэл, ангиуд, аймаг, нийслэлийн Цэргийн хэлтсүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, дайчилгааны төлөвлөгөө боловсруулахад шаардагдах өгөгдөхүүнийг бэлтгэх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн Зэвсэгт хүчнийг цомхотгох бодлогыг тодорхойлох гэх мэт нүсэр хүнд ачааг үүрдэг болохыг биеэрээ мэдэрсэн билээ. Үүний зэрэгцээ цэргийн алба хаах журамд өөрчлөлт оруулах цэргийн алба хаах хуулийг шинэчлэн мөрдүүлэх зэрэг тулгамдсан олон ажил ар араасаа цуварч байсан үе байлаа. Харамсалтай нь 1992 онд намайг эзгүйд орон тоо, бүтцийн өөрчлөлт хийж тус хэлтсийг татан буулгаж ЗХЖШ-ын 1 дүгээр газрын бүтцэд шилжүүлэн цогцоороо шийдэгддэг асуудлыг тараан бутаргаснаар дайчилгааны бэлэн байдлыг илтээр сулруулсан шийдвэр гарсанд хувьдаа маш их харамсаж явдаг. Энэ нь удирдлагын маш том алдаа байсан юм шүү. Тус хэлтэс бол хэзээ ч татан буугдаж байгаагүйн дээр олон жилийн баялаг түүхэн замналтай, Зэвсэгт хүчний ууган хэлтсийн нэг байсны зэрэгцээ аливаа улсын Зэвсэгт хүчин кадржуулсан байдалд шилжих тусам энэ хэлтэс татан буугдах бус харин ч эсрэгээрээ өргөжин тэлэх ёстой байсан гэж боддог” хэмээн санал бодлоо үлдээжээ.

Энэ үйл явдлын үед миний бие ойрхон байж билээ. Тэгэхэд хошууч генерал Ц.Галсан асан ЗХЖШ-ын шинэ бүтэц, орон тооны шийдвэр танилцуулсны дараа хэлтсийнхээ хамт олныг өрөөндөө цуглуулаад “Та бүхэн шинээр томилогдсон албан тушаалдаа чин шударгаар ажиллаарай. Та бүхэнд амжилт хүсье. Цахар бэйс Лаврын Сумьяагийн байгуулсан хэлтсийг захчин генерал Цэрэнгийн Галсан би тараалаа. Баяртай” гэж билээ.

Энэ үйл явдлын хор уршиг нь одоо хүртэл ажиглагддаг. Тухайлбал, МАА-ийн болон барилгын цэргийн олон анги татан буугдахад тухайн үед ажиллаж байсан дарга нарын хариуцлага, удирдах дээд байгууллагын зохион байгуулалт дутагдсаны улмаас олон 10 хүний халагдсан тушаал гараагүй, хувийн хэрэг нь архивд шилжээгүйгээс тэтгэвэр, чөлөөндөө гарах гэсэн хүмүүс материал нь бүрдэж өгөхгүй бэрхшээлтэй тулгарч байгаатай нэг бус удаа тааралдан харамсаж байсан юм. Эдгээр түүхийг нуршин өгүүлж та бүхний алтан цагийг үрж байгаагаа мэдэрч байгаа боловч аливаа түүх бодит үнэнээрээ үлдээсэй гэж хүсэж байгаад учир нь байгаа юм.

Миний бие 1991 онд тухайн үеийн ЗХЕШ-ын дайчлан зохион байгуулах хэлтэст орон тоо зохион байгуулалтын офицероор томилогдож, тус хэлтсийн отгон цэрэг болж байлаа. Учир нь надаас хойш ямар нэг албан тушаалтан томилогдолгүй байж байгаад 1992 онд уг хэлтэс татан буугдсан хэрэг.

ДАЙЧИЛГААНЫ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ

УИХ-аас “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг баталсан нь улс орны батлан хамгаалах тогтолцоо, бодлогын чиглэлүүдийг шинээр тодорхойлсон чухал ач холбогдолтой үйл явдал болсон билээ.

Энэхүү баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно” гэж тодорхойлсон бөгөөд Батлан хамгаалах тухай хуульд яг энэ хэвээр нь хуульчлан баталгаажуулсан. Дээрх тодорхойлолтоос харахад улсыг батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг нь яах аргагүй дайчилгаа болох нь тодорхой байна. Өнөөгийн бүтцээр БХЯ-нд Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэс гэсэн нэгж орон тоогоор байдаг. Энэ хэлтэс нь Төв хорооны Төлөвлөгөөний комиссын бүрэлдэхүүнд байсан Улсын дайчилгааны хэлтсийн залгамж бөгөөд 1996 онд төрийн тогтолцоо шинэчлэгдэхэд чиг үүргээрээ БХЯ-нд шилжиж ирсэн юм. Тэр үед зөвхөн чиг үүрэг нь шилжсэн болохоос биш орон тоо, цалингийн сан нь шилжээгүй, 6 сейф бүхий цаас ирж байсныг тухайн үед БХЯ-нд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Ёндонжамц (хожим хурандаа цолтой ЦТГ-т ажиллаж байсан) хүлээн авч байсан. Ингээд 1999 онд Засгийн газрын тогтоолоор БХЯ-ны бүтцэд Улсын дайчилгааны хэлтсийг байгуулсан юм. Ийнхүү амь нь тасарч явсан дайчилгааг амьсгалтай нь авч үлдсэн энэхүү үйл явцыг тухайн үед яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хошууч генерал (хожим дэслэгч генерал болсон) Ц.Дашзэвэг, СБТГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал С.Баасанхүү нарын алсын хараа, холч ухаан, энэ салбарт олон жил ажиллахдаа хуримтлуулсан туршлагатай холбон үзэхээс өөр аргагүй. Тэгээд ч энэ талаар тээж явсан тэдний бодол санаа нь батлан хамгаалах салбарын багц хуульд тусгалаа олсон хэрэг билээ.

2012 онд шиг санагдаж байна. Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн хуралдаанаар дээрх хэлтсийг газар болгох тухай асуудлыг хэлэлцүүлээд тухайн үед нэг их дэмжлэг авч чадаагүй. Хэлтсийн нэрд “Орон нутгийн хамгаалалт” гэдэг үг нэмээд өнгөрсөн. Тухайн үед би хэлтсийнх нь даргаар ажиллаж байлаа. Өнөөгийн өндөрлөг дээрээс харвал бодлогын баримт бичиг нь гарчихсан, эрх зүйн орчин нь бүрдчихсэн, техниктэй зүйрлэвэл үйлдвэрээсээ гарсан цоо шинэхэн машин жолоочоо хүлээж байгаа мэт ээ. Тэгвэл энэ техникийг бид хөдөлгөх ёстой. Үүний тулд хөдөлгөх бүрэлдэхүүнийг бий болгох хэрэгтэй болно. Миний саналаар бол, БХЯ-ны бүтцэд байгаа Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн суурийг ашиглан улс орны хэмжээнд Орон нутгийн хамгаалалтын болон Дайчилгааны тухай хуульд заасан батлан хамгаалах төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны бусад байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, уялдуулан зохицуулах арга хэмжээг зохион байгуулах чадвартай хэрэгжүүлэгч агентлагийн түвшний нэгжийг бий болгох хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэн байна.

Мэдээж хэрэг цар тахал, улс орны эдийн засаг, төсөв хөрөнгийн хүрэлцээ гээд бэрхшээл зовлон их байгаа. Гэхдээ “Тайван цагт хөлс их гаргавал, дайны үед цус бага асгардаг” гэдэг сургамжит үгийг санахад илүүдэхгүй биз ээ. Орчин цагийн шинж төрхөд нийцсэн, улс орныг батлан хамгаалах шинэ үзэл баримтлалд тулгуурласан, уламжлал, шинэчлэлээ хослуулсан нэгэн шинэ айлын өрхийг татах цаг нэгэнт болсныг дайчлахын албаны 100 жилийн ойгоо тэмдэглэх /1911 оноосоо хөөвөл яамтайгаа чацуу ч байж мэдэх/ босгон дээр төр засгийн удирдлагадаа дуулгах нь зүйтэй гэж үзэж үүнийг тэрлэлээ.

Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116