Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 2020-2021 оны сургуулийн жилд “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар”-ын хүрээнд цөөнгүй ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, цэргийн алба, сахилга дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр сахилгын зөрчилгүй тэргүүний алба, салбар шалгаруулах болзолт уралдаан, мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлаар манлайлагч рот, батарей шалгаруулах уралдаан, үндсэн салбаруудын дунд тэргүүний тохижилттой соёл амралтын танхим шалгаруулах уралдаануудыг тус тус зарлан сар бүр дүгнэн ажиллаж байна.
Мөн хээрийн гаралт, полигоны дадлагын үеэр хээрийн ухуулах байр, ухуулах цэгийг дэлгэн салаа бүрт сайн дурын идэвхтэн ухуулагч томилон сурган зааварлах хичээлийг зохион байгуулсан нь сэтгэл зүйн хангалтын ажлыг зохион байгуулж явуулахад чухал ач холбогдолтой үр дүнгээ өгсөн ажил, арга хэмжээ болж чадсан юм.
Ухуулагчийн тэмдэгтэй цэргүүд сургууль, дадлага явагдаж байгаа цэгүүдэд явуулын ухуулах цэг дэлгэж, тухайн өдрийн мэдээллийг агуулсан “Их булаг” сонинг бэлтгэн хэвлэж, тараах материалын хамт түгээж, яриа таниулга сурталчилгааны ажлыг тасралтгүй зохион байгуулав. Өдрийн хоолны дараа урлаг, соёлын арга хэмжээнүүд хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд цэргийн алба хаагчид хооллож байх үед цэрэг-эх орны сэдэвт дуунууд эгшиглэн, оройн цагаар хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнүүдийг байлдааны нөхцөлд ойртуулсан хэлбэрээр явуулсан нь онцлог байлаа. Хугацаат цэргийн алба хаагчдын хувьд сэтгэгдэл их өндөр байсан юм.
Түүнчлэн сургалтын материал хэвлэх хэвлэлийн машин бусад шаардлагатай материал хэрэгслийг худалдан авч, хэвлэлийн цехийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сургалтад ашиглагдах сэтгэл зүйн бэлтгэл, хуулийн гарын авлага, уриалга, санамж, зөвлөгөө, дайчин хуудас, ухуулах хуудас, бусад үзүүлэн таниулах материал зэрэг нийт 150 гаруй материалуудыг сайн дурын ухуулагч нараар дамжуулан бие бүрэлдэхүүнд хүргэсэн юм. Түүгээр зогсохгүй дүрс, дуу бичлэгийн студийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ажиллуулж, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан нэгтгэлийн үйл ажиллагааг сурталчилсан шторк, хугацаат цэргийн алба хаагчдын мэндчилгээ, яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээр хийсэн баярын мэндчилгээнүүдийг дүрсжүүлэн олон нийтийн хүртээл болголоо.
Тасаг, салааны байлдааны буудлага, хоногийн сургууль, рот, батальоны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг бэлтгэж явуулах талаар видео хичээлийг бэлтгэн ХЗЦК-ын нэгтгэл, ангиудад ашиглуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Даргалах албан тушаалын ахлагч, салаа, ротын захирагч, батальон, дивизионы захирагч нар болоод албадын дарга нарын хийгдэх ажил үүргийн хуваарийг өдөр, долоо хоног, сар, улирал, хагас жил, бүтэн жилээр нь төлөвлөн бодит үзүүлэнгийн самбар хэлбэрээр гаргаж I, II штабт байрлуулан мөрдлөг болгон ажиллаж байна.
Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)