.jpg)
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсээр ирсэн үе үеийн ерөнхий цэргийн ахмадууд болон монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа ерөнхий цэргийнхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Ардын Хувьсгалт цэргийн мотобуудлагын батальон 1956 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсанаар орчин цагийн Ерөнхий цэргийн түүх эхэлсэн бөгөөд хожмоо ерөнхий цэргийн офицеруудаас гаргасан санал, санаачилгад тулгуурлан Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар энэхүү өдрийг “Ерөнхий цэргийн өдөр” болгон баталгаажуулсан билээ.
Зуун зууны баатарлаг түүхтэй эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа ерөнхий цэргийнхнийхээ алдар гавьяа, амжилт бүтээлийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхдээ бахдалтай байна.
Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч буй томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд та бүхний идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм.
Эрхэм хамтран зүтгэгчид Та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажил албаны өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе!
Монгол цэргийн сүлд хийморь мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ