
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар холбох ажлыг тодорхой хугацааны давтамжтайгаар зохион байгуулсаар байна. Энэ удаад Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас "Монгол шуудан" ТӨК-тай хамтран хугацаат цэргийн алба хаагчдынхаа аав, ээж, ахан дүүс, найз нөхдөдөө бичсэн захидлыг, гэрэл зургийн хамт хүргүүллээ. Мөн орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан албаа үлгэр жишээ хааж байгаа 15 хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд ангийн захирагчаас талархлын захидлыг хүргүүлэв.

Түүнчлэн ангийн Соёл хүмүүжлийн алба, Мотобуудлагын батальон хамтран хугацаат цэргийн дайчдынхаа дунд “Монгол бичгээр хэн цэвэр сайхан бичих вэ” уралдааныг зохион байгуулахад байлдагч Э.Жамъянсүрэн, Г.Буянтүшиг нар тэргүүллээ. Ховд аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан "Эх хэл бидний бахархал" аяны хүрээнд “Уран бичлэг”, “Бүтээлч уралдаан-2021”-д манай ангийн зарим цэргийн алба хаагч, хугацаат албаны дайчид амжилттай оролцсон юм.
Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)